-Үнэндээ бол ҮЗХ хуралдаж чадахгүй байгаагийн цаана намын даргын төлөөх өрсөлдөөн өрнөж, тэрчлэн жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуулийн “хөзөр”-тэй хамт яригдаж байгаа аж-
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ ээлжит хурал сонгуулийн дараахан, ялагдлын шарх аних яагаа ч үгүй байх үед хуралдаж эхэлсэн ч төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж амжилгүй тарсан юм. Уг нь маргааш өдөр нь үргэлжлүүлэн хуралдахаар тогтсон ч өнөөдрийг хүртэл гишүүд нь дахин цуглаагүй л байна. Энэ сарын 29-нд буюу өнөөдөр хуралдахаар ярилцаж байсан ч ирц бүрдэх асуудал төвөгтэй байгаагаас болоод хойшилж, ирэх сарын 5-нд гэх тов тогтоосон тухай мэдээлэл байна.
Сүүлийн жилүүдэд Их хурал байтугай, ҮЗХ-гоо ч хуралдуулж чадахгүй болсон, ор нэр төдий хуралдсан ч ойлголцолд хүрч чадахаа больсон тус намын дотоодын эмх цэгцгүй, эв нэгдэлгүй байдлыг энэ удаагийн ялагдал нь бүр ч сэдрээж орхив уу гэмээр дүр зураг гаднаас ажиглагдаж байна.
Үнэндээ бол ҮЗХ хуралдаж чадахгүй байгаагийн цаана намын даргын төлөөх өрсөлдөөн өрнөж, тэрчлэн жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуулийн “хөзөр”-тэй хамт яригдаж байгаа аж. Тодруулбал, энэ оны эцсээр буюу арванхоёрдугаар сарын 5-нд хуралдах Их хурлаас намын даргыг сонгох бөгөөд хэний фракци энэ суудлыг авах, хэний тал ирэх жилийн сонгуулийн эрхийг авах дээрээ тохиролцоо хийж дуусталаа дахин хуралдахгүй бололтой.
Сүүлийн жилүүдэд Их хурал байтугай, ҮЗХ-гоо ч хуралдуулж чадахгүй болсон, ор нэр төдий хуралдсан ч ойлголцолд хүрч чадахаа больсон тус намын дотоодын эмх цэгцгүй, эв нэгдэлгүй байдлыг энэ удаагийн ялагдал нь бүр ч сэдрээж орхив уу гэмээр дүр зураг гаднаас ажиглагдаж байна.
УИХ-д есөн суудал авч, бүлэг байгуулах босгыг арайхийн давснаар албан ёсны сөрөг хүчин болоод байгаа АН бүлэг дотроо ч фракцилаад эхэлсэн гэх. Намын даргыг УИХ дахь гишүүдээсээ сонгох “дүрэм” дээр хэлэлцээгүй тогтсон фракциуд тус тус амбици үзүүлж, “Алтангадас”-аас Я.Санжмятавыг, “Шонхор”-оос С.Эрдэнийг, “МҮДН”-ээс Д.Эрдэнэбатыг, МоАН-аас Л.Болдыг гэхчлэн хөзрийн мод солилцож байгаа мэдээлэл бий. Мөн УИХ-ын гаднаас Баабар, Э.Бат-Үүл, Г.Батхүү, Р.Амаржаргал нарын нэрс тэр дунд сонсогдож байна. Эдгээр нэрсийг тойрсон хэлэлцүүлгүүд тодорхой хүрээнд янз бүрээр өрнөж байгаа нь харин олон нийтэд ил байна.
Өнгөрсөн хугацаанд АН-ын дарга З.Энхболдын “баруун гар” болж ирсэн С.Эрдэнэ дараагийн дарга болох магадлал тааруу гэдэг нь ҮЗХ-ны сүүлийн хурлаас илэрхий харагдсан. Нийгэмд болон өрсөлдөгчдөдөө нэр хүнд муутай байгаа нь ч үнэн. Бүхэл бүтэн дүүргийн намын дарга атлаа саяын сонгуулиар З.Энхболд даргаа өөрийн дүүрэгт дагуулж аваачаад өвдөг шороодуулсан түүнд намынхан нь итгэхгүй л болов уу.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав нийгэмд төдийлөн танигдаагүй. Ардчилсан намыг удаа дараа МАН-ын “өвөр”-т аваачиж өгсөн алтангадасчуудад ахиад намаа найдаж өгөх хүн хэд байгаа бол? Түүнчлэн ардчилсан хүчнийхэн ерэн оны хувьсгал хийж, хахир өвлөөр өлсгөлөн зарлаад сууж байхад МАХН-ын Онц их хурлын гишүүнээр сонгогдож явсан Д.Эрдэнэбатыг жинхлэх эсэх дээрээ хүрвэл унаган гишүүд нь яаж хандахыг бас л бүү мэд. Сүүлийн жил гаруйн хугацаанд нам дотроо газар авсан МоАН фракци лав л ҮЗХ-нд олон суудалтай гэгдэж байгаа ч бас л өөрийн хүнээ даргаар зүтгүүлэхэд хүч хүрэх эсэх нь ч эргэлзээтэй. Даргын асуудлыг нам дотроо төдийгүй нийгэмд хэлэлцүүлж байж шийднэ гэх гаргалгаа байж болох ба дээр нэрлэгдэж байгаа хууччуулаас гадна Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нар олон нийтийн дунд хүчтэй сонсогддог нь нууц биш.
Юутай ч ялагдлын дараахан хариуцлага, шинэчлэл, үзэл санаа гэх мэт “агуулга” ярьж эхэлсэн Ардчилсан намын дотоодын хөгжил хөдөлгөөн өнөөдрийн байдлаар эрх мэдэл, тамга тэмдэг, сандал суудал тойрсон “хэрүүл” дунд хөлбөрч байгаа бололтой.