Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр хагас жилийн тайлан ажлаа танилцууллаа. Энэ удаад шүүхэд УИХ болон НИТХ-ын сонгууль болсонтой холбоотойгоор сонгуулийн маргааны талаарх гомдол нэлээд иржээ.
Энэ талаар Шүүхийн Судалгаа Мэдээлэл Сургалтын Хүрээлэнгийн захирал Ц.Мандах хэлэхдээ “Шүүхэд ирсэн сонгуулийн үеийн маргааны дийлэнх хувийг сурталчилгаатай холбоотой зөрчил эзэлсэн. Тухайлбал, сурталчилгаа явуулахдаа хууль зөрчсөн, сурталчилгааны самбар буулгасан зэрэг гомдол ирсэн. Мөн нэрсийн жагсаалттай холбоотойгоор сонгуулийн байгууллагын тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт ихээр ирсэн. Улсын Дээд шүүхэд сонгуультай холбоотой 15 гомдол, хүсэлт ирснийг хянан шийдвэрлээд байна. Харин анхан болон давж заалдах шатны шүүхэд сонгуультай холбоотой 159 гомдол ирсэн байна. Үүний 90 хувийг буюу 140 хэргийг хянан шийдвэрлэсэн. Харин үлдсэн 10 хувийг одоо хянаж байгаа” гэлээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сонгуулийн маргаантай холбоотой 72 нэхэмжлэл ирснээс 66 хэргийг шийдвэрлэжээ. Түүнчлэн шүүхийн давж заалдах шатны шүүхэд 87 гомдол ирснээс 77-г нь шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх самбар авах, нэр дэвшигчдийн нэрийг гутаах зэрэг нийт 735 зөрчил хүлээн авчээ. Эдгээрээс 729 зөрчлийг шийдвэрлэсэн аж. Харин эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд 57 нэхэмжлэл хүлээн авснаас 44 хэргийг шийдвэрлээд байгаа аж.
Үүнээс гадна энэ онд бусадтай бүлэглэн хүчингийн хэрэг үйлдэх хэрэг нэмэгджээ. Эл хэргээр ял шийтгүүлсэн хүний тоо ч есөн хувиар өссөн байна.
Хүчингийн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийн дийлэнх нь залуус буюу 52.8 хувь нь 18-29 насныхан байна.
С.Баяр