Шинэ долоо хоногийг бид шинэ Засгийн газартай угтлаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар эхний ээлжинд 11 сайдыг томилсноор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар
Монгол Улсын шадар сайдаар У.Хүрэлсүх,
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат,
Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил,
Хуульзүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогт,
Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн,
Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар Д.Оюунхорол,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаяр,
Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ,
Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын сайдаар Ж.Батсуурь,
Зам, тээврийн сайдаар Д.Ганбат,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдорж томилогдон, тамгаа хүлээн авч ажилдаа ороод байна.
Үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН Засгийн газрын танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь томилуулахаар өргөн барьсан ч 4 сайдыг АТГ-аас эрх ашгийн зөрчилтэй гэж үзсэн. БХБ-ын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболор нь өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ц.Анандбазар нь эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой ажил үйлчилгээ эрхэлж байгаа төрсөн дүү П-г мэдүүлгийн “хамаарал бүхий этгээд” хэсэгт мэдүүлээгүй байна. Харин ЭХ-ний сайдад нэр дэвшигч Ц.Цэнгэл нь “Эрчим хүчний хөгжлийн ассоциац” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан талаарх мэдээллийг мэдүүлгийн “гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах зөвлөл” хэсэгт мэдүүлээгүй бол ЭМ-ийн сайдад нэр дэвшигч Ж.Цолмонгийн төрсөн охин М нь шүдний оношилгоо, эмчилгээ, нүүр ам судал, арьс гоо засал, пластик мэс заслын тусламж, үйлчилгээ, сургалт, судалгаа, эм эмнэлгийн хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, импортлох, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажилладаг аж.
Эдгээр нь Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна гэж Авлигатай тэмцэх газар үзжээ.
Нөгөөтэйгүүр дээрх сайдад нэр дэвшигчдийг өргөн барихаас түдгэлзүүлсэн нь олон нийтээс ирсэн шүүмжлэл ч нөлөөлсөн биз. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэр дэвшигчдийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан цаашид хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай. Учир нь өнөөдрийн нийгмийн хэн ч бай ах, дүү хамаатан саднаараа нийлж ямар нэг бизнес эрхэлж байдаг. Үүн дээр нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа нь өнөөгийн нийгэмтэй зөрчилдөж байна. Тиймээс хуулинд өөрчлөлт оруулж, эрхзүйн орчныг нь боловсронгүй болгох хэрэгтэйг онцолсон.
Ерөнхий сайд эдүгээ танхимын 4 сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй дахин зөвшилцөн оруулж ирнэ. Сайдаар нэрийг нь өргөн мэдүүлэх эрхмүүдийн сураг эхнээсээ тодорч байна. МАН энэ удаад үлдсэн дөрвөн сайдыг “дан дээлт”-нээс томилох бодлого барьж байгаа гэнэ. УИХ-ын гишүүдээс томилогдох хүсэл сонирхолтой эрхмүүд захаасаа эхлээд байгаа ч “албан тушаалын амбицаа дарж, намын нэр хүндээ бодож, Удирдах зөвлөлийн бодлогоо дэмжиж ажилла” гэсэн үүргийг дээрээс өгсөн сурагтай.
МАН-ын хувьд боловсон хүчин сайтай гэдгийг сөрөг хүчнийхэн ч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ удаад намын төв аппараттаа ойр ажиллаж байсан, энэ сонгуульд нэр дэвшээгүй үлдсэн эрхмүүд сайдаар томилогдох магадлалтай байна.
Тухайлбал, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулгын нэр явж байна. Өмнө нь тэрбээр энэ салбарт Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан салбараа мэдэх туршлагатай эрхэм гэдэгтэй хэн ч маргахгүй. Эрчим хүчний сайдад УИХ-ын экс гишүүн, А.Тлейханы нэр гарч байна. А.Тлейхан бол эрчим хүчний салбараас төрсөн төрийн түшээ байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ч эрчим хүчний салбартай холбоотой хууль тогтоолын төслийг ахлан ажиллаж байсан нэгэн юм. Харин БХБ-ын сайдад УИХ-ын экс гишүүн Ё.Отгонбаяр томилогдох магадлалтай. Хэдийгээр тэрбээр Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль төгссөн, дипломатч мэргэжилтэй ч бодлогоор зангидахын хувьд энэ яамыг өлхөн авч явж чадна гэж ажиглагчид үзэж байна лээ. Цаашлаад ЭМ-ийн сайдад ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатарын нэр гарч байна.
Хэрвээ дээрх эрхмүүдийг Удирдах зөвлөлөөрөө дэмжвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ долоо хоногт дөрвөн сайдын нэрийг өргөн барьж, Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах биз ээ. Учир нь бичин жилийн өвөлдөө бэлтгэх намрын ид ажил ундрах үе ирлээ, цаг хугацаа МАН-ыг хүлээхгүй.
Н.Энхлэн