МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, сайдад нэр дэвшигчдийг тодруулж, улмаар Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн юм. Гэвч өнөөдөр тэрээр 15 биш, 11 хүнийг сайдаар томилуулахаар УИХ-д өргөн барилаа.
Энэ тухайгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, нэр дэвшигчдийн хэнийг сайдаар томилж, хэнээс татгалзах нь УИХ-ын бүрэн эрх. Гэхдээ энэ процесс явахаас өмнө дөрвөн нэр дэвшигчийн тухайд нийгмийн хүлээлт, ёс зүй зарчим талаас нь, мөн АТГ-ын холбогдох хуулийн лавлагаа зэргийг эргэж харах хэрэгтэй гэж Ерөнхий сайдын хувьд үзлээ гэсэн юм.
УИХ-д өргөн барьсан төслөөс харвал Барилга хот байгуулалтын сайдад санал болгосон Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад санал болгосон Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад санал болгосон Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайдад санал болгосон Ж.Цолмон нарыг УИХ-д өргөн барьсангүй.
Харин зарим эх сурвалжууд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшсэн Н.Номтойбаяр, Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Зам, тээврийн сайдад нэр дэвшсэн Д.Ганбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анандбазар нарын нэрийг буцаасан гэх мэдээлэл байна. Ямартай ч Засгийн газрын гишүүнээр ажиллах 15 биш 11 хүний нэр УИХ-ын даргын гар дээр очоод байна.
Үндэстэн агентлаг