Comment.mn

Хөрөнгөтнүүд буюу нэгдүгээр ээлжийн Засгийн газар

Хөрөнгөтнүүд буюу нэгдүгээр ээлжийн Засгийн газар
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг товчхондоо ингээд тодорхойлчихож болмоор харагдаж байгаа юм. Учир нь МАН шинэ Засгийн газрын сайд нараа тодруулснаар ийнхүү хэлэгдэж, шүүмжлэл дагуулж эхэллээ. УИХ-ын пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталснаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ж.Эрдэнэбатын танхимд ажиллах сайд нарын нэрсийг тодруулсан нь жинхэнэ “шоконд” оруулсан үзэгдэл боллоо.
Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн Засгийн газар байгуулахаа амласан МАН амлалтаасаа буцаж мөнгөтэй гэгддэг нөхдөд сайдын суудал тараажээ. Ц.Сандуйтай холбоотой 60 тэрбумын бичлэг эвлүүлэг хэмээж байсан тэд дээрх бичлэгийг үнэн болохыг сайд нарын томилгоогоор батлаад өгөх шиг болов. Учир МАН-ын тодруулсан засгийг яаж ч харсан мэргэжлийн гэж дүгнэж болмооргүй байх юм.
 Үндсэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ард намын дарга М.Энхболдын тааллаар, мөнгөөр хэмжигдсэн засаг босч байгаа нь хэн ч харсан тодорхой байгаа юм.  МАН-ын  16 сайдын найм нь давхар дээлтэй, найм нь дан.  Ч.Сайханбилэгийн танхимын 19 сайдын 16 нь давхар дээлтэй байсныг бодвол МАН бас чиг 50:50 хувийн сонголт хийсэн гэж өмөөрч байгаа ч сайдад нэр дэвшсэн нөхдийг хараад “Энэ ёстой биш ээ” гэх нэгэн ч байна. Тодруулбал, Н.Номтойбаяр, Г.Өнөрболор, Ж.Цолмон, Ц.Анандбазар гэх мэт нөхдийг дурдаж болно.
“Сөүл”-ийн Болороо хэмээн шар хэвлэлд голцуу бичигддэг “Мантууш”-ын Г.Өнөрболор өнгөрсөн дөрвөн жилд МАН-д нэлээд их хөрөнгө хаясан бололтой. Түүнчлэн 2012 оны сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлсөн ч АТГ-ын хараанд өртсөн Ц.Анандбазарт “өрөө” төлсөн шиг төлөхөөр шийдэж. Ийнхүү нэгдүгээр ээлжинд мөнгөтэй нөхөд сайд болж байна. Энэ Засгийн газар нэг их удахгүй гэдгийг ажиглагчид хэлж байгаа юм. Тиймдээ ч М.Энхболдыг нөөцөнд үлдээсэн хэдээ хоёрдугаар ээлжинд гаргаж ирэх нь гэж таамаглацгааж байна. Магадгүй нэгдүгээр ээлжийнхний зуурсан бантанг цэвэрлэх ажил хоёрдугаар ээлжийнхэнд ногдох биз ээ.
Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.