Comment.mn

Нэмэгдэхүүний байр солигдлоо ч нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй

УИХ-ын ээлжит сонгуулийн дүн эрх баригч, сөрөг хүчний байрыг сольж орхилоо. Гэвч нэмэгдэхүүний байр солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэг теором хэрэгжиж эхлэв.

Эрх баригч асан Ардчилсан намын Засгийн газрыг “давхар” дээлтэй хэмээн шүүмжилж, үүгээрээ улс төрийн драм хүртэл дэлгэж явсан МАН одоо үүнийгээ өөрсдөдөө зориулан тогловол таарахаар боллоо. Сөрөг хүчнээс эрх баригч болсон МАН шинэхэн Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ 16 сайдаас найман сайддаа давхар дээл өмсгөлөө.
Мөн сонгуулийн амлалт болох “мэргэжлийн” Засгийн газар байгуулах нь мөрөөдөл нь ч мөнгө, өнгөнд дарагдаад утгаа алдав. МАН хурдгүй, Ерөнхий сайд нь эрх мэдэлгүй хэмээн хэвлэлээр чичлүүлж амжсан тэд хурдаа нэмэх гэхдээ шөнөөөр хуралдан байж, “хөдөлмөрийн хүнд нөхцөлд” хэд хэдэн шийдвэр гаргасны үр дүн нь энэ байв уу.
Шүүмжлэгч сөрөг хүчнээс хэрэгжүүлэгч эрх баригч болох ийм хэцүү бил үү гэж шинэ Ерөнхий сайд санаа алдан суугаа байх. Зарим тохиолдолд улс төрд үзэл бодол, онол сургаал биш гүжир хар прагтик хэрэг болох нь бий. Чухам “доголонгийн газар доголон, сохрын газар сохор” гэдэгчлэн энэ хүртэлх улс төрд алив томилгоог “мэргэжлийн” гэх шалгуураас гадна яаж шийдэж болдгийг яруу тодоор ойлгуулах шиг боллоо.
Дан дээлтэй даарч явж болдоггүйг, “мэргэжлийн” гэх шалгуураар мэдэмхийрээд байж болдоггүйг сөрөг хүчин байхдаа ойлгоогүй царайлсан тэд одоо амаа асуулгаж байна. Цаашид олон ч зүйл дээр ам асуулгах биз.
Иргэдийн амьдрал хэцүүдэж, талх тосоо граммаар авч байгааг халаглан ярьдаг байсан тэдэнд асар том хариуцлага ирж байгаа. Засгийн газрын гишүүдийн нэрс баталгаажихтай зэрэгцээд экспортын орлогод хүндхэн цохилт дохиолон Эрдэнэт, Оюутолгойн борлуулалт буурсан мэдээ цацагдав. Чухам шандас шалгаж, чангахан сорилтууд тэднийг угтан авав. Дэлхийн эдийн засаг хүнд үед амжилттай бонд гаргаж, бүтээн байгуулалтад ч хөрөнгө оруулалт хийгээд амжсан Ардчилсан намынхныг ай даа мөн ч их баалсан даа. Тэр дайны ажиллаж чадах эсэх, ам асуулгах хүндхэн даваа одоо эрх баригчдад ирж байгаа нь энэ.
Харин Ардчилсан намынхан ам хөдөлгөхөөс ажилгүй сөрөг хүчин болон хувирлаа. Засгийн ажил хийгээд намын ажлаа гаргуунд нь хаяад байсан хөөрхий экс эрх баригчид сав л хийвэл шүүмжилж, санаан зоргоор “шоудах” сайхан ажилтай болж байна. Саяхан л давхар дээлтэй явсан тэд МАН-ыг матарлаад сууж байна. Товчхондоо бол мань хоёрын байр солигджээ. Одоо удахгүй барууны чиг баримжаа ярьж, халамжийн хавтгайрсан бодлогыг хайр найргүй шүүмжилж явсан тэд төд удалгүй цалин, тэтгэвэр нэмэхийг шаардаж, граммын талх, тосны хэрүүл хийгээд явж байхад гайхах зүйлгүй биз ээ. Сөрөг хүчин, эрх баригчийн ялгаа энэ.
Сонгуулийн үр дүн эрх баригч, сөрөг хүчний байрыг сольсноос биш нийлбэр дүнг өөрчилсөнгүй.


Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.