Comment.mn

Зөндөө өр тэглэсэн ч дэндүү алдагдалтай төсөв хүлээж авлаа шүү!

Төрийн тэргүүнээр өрөө тэглүүлж зочдоо үдсэн Ардчилсан намынхан ёстой л Ц.Нямдорж гишүүний нэр дэвшиж байх үедээ хэлж байсанчлан тээшээ баглаж тийзээ захиалчихсан байсан бололтой. Намынхаа ҮЗХ-ны хурлыг хагас дутуу хийгээд аймшигтай өр, чамлахааргүй гэм зэмээ ярьж эхлэхээс өмнө тарж бутрах аястай болоод ирлээ.

Нам гэдэг их айл. Энэ айлд жаргал ч бий, зовлон ч бий. Хэрэв АН ялсан бол эдүгээгийнх шиг С.Эрдэнэ, Баабар хоёр чичлэлцээд сууж байх нь юу л бол. Тэр тусмаа амьдрал ч, улс төр ч амьд хэвээрээ гэдгийг мэдэх хойно төр засгийн дараагийн үйлийг үргэлжлүүлэхийн тулд ямар хэмжээний өр яагаад тавьсан, яаж зарцуулсныг тооцсоор байх болно.

Хамгийн гол нь өчигдөр дуулгасан статистик гол зураад зогсохгүй түүх болж үлдэнэ гэдгийг санах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийг 17.3 хувийн өсөлттэй хүлээж авсан АН-ынхан өнөөдөр 3 хувийн өсөлттэй,  эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв хүлээлгэн өгч байна.

Андуураагүй бол АН-ынхан 2012 оны сонгуулийн ялалтдаа бялуурч цадахын алдад “Чалко”-гийн өрийг айхтар дэвэргэж, энэ өрийг дарсаар байгаад эхний хоёр жилд эдийн засгаа өндийлгөхгүй нь гэсэн тайлбар өгч байлаа. Дараа нь “Чингис” бондын  эхний 1.5 тэрбум ам.долларыг хамаа намаагүй цацсан. Ямар гээчийн их хүүтэй богино хугацаатай зээлээр зам барьж, онгоц худалдаж авч тэнэглэж байсныг намынхан нь хүртэл шүүмжлээд адлуулж л байсан.

Өнөөдөр Хууль зүйн сайд хэн байхаас ихээхэн айж байгаа хүмүүсийг сайтар ажиглаарай. АТГ-ыг даргагүй хүлээлгэж өгч ч мэдэхээр байсан. АТГ-ын дарга нь улс төрийн шахалтад орж  өргөдлөө өгөхөөс аргагүйд хүрч, удаах дарга нь Тагнуулын ерөнхий газар руу явсан. Тэгэхээр АТГ, ТЕГ, ЦЕГ ямар нөхцөлд ажиллаж байсан бэ гэдэг тун сонирхолтой. Цаашид яаж засч залруулж, хэн дээрх байгууллагуудыг удирдах вэ гэдэг бүр ч   хачирхалтай төдийгүй айдас дагуулчихаад байгаа. Ийм л нөхцөл байдалд засгийг удирдаж байлаа, тэд. Харин одоо байдал эрс өөр болно гэсэн хүлээлт буй. Ямар ч байсан АТГ нь авлигачин авлах гэж байхад Тагнуулынхан Ерөнхий сайдад мэдээлж, тэр нь чуулган дээр ил тод зарладаг “шог гараа” давтагдахгүй байх.

Эдийн засагт арай эерэг дохиог Ардчиллыг аварсаар ирсэн Төрийн тэргүүн л авчирч өглөө. Түүний хийж чадах л зүйл энэ байсан. Гэхдээ тэр их өр үгүйсгэлийн ард ямар наймаа яваа бол гэсэн сэжиг ард түмэнд үлдсэн үү гэвэл үлдсэн. Ам.долларын ханш сонгуулийн үеэр өдөр тутам унаж байсан бол өнөөдөр яаж өсч байна вэ. Инфляцид ч яг ийм дүр зураг нүүрлэх үй олон шалтгаан бий.

Намар цаг бол зөвхөн ургац хураагаад баяжиж хөлжөөд байдаг цаг биш ээ. Ам.доллараас хараат байдлаар төгрөгийн ханш ямар байх, эдийн засаг хэр эрсдэлд учрах вэ гэдэг их сорилын үе. Дээр нь хурмаст хэрхэн шалгаж сорихыг хэн ч таашгүй. Энэ бүхнээс үүдээд бодоход хэдийгээр асар арвин туршлагатай нам төрийн эрхийг авч буй аз заяа түшиж буй ч ямар балаг дээр үлдсэн, тэр балгийн эзэд хариуцлага хүлээх эсэх, тэр ч байтугай Монголоос байтугай “дэлхийгээс” олдох эсэх нь эргэлзээтэй шүү гэдгийг энд сануулъя.

Ямар “өв” үлдээснээ АН-ынхан бүү мартаарай. Яаж засч залруулахыг МАН-аас ард түмэн чинь нүд салгалгүй ширтэж байна. Зөндөө өр тэглэсэн ч дэндүү алдагдалтай төсөв орхилоо үлдээлээ шүү, УИХ-ын дарга асан, АН-ын дарга З.Энхболд оо! Үүний хариуцлагыг хүлээхийн тулд зоригтойгоор ирэх арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл үлдэхээр шийдлээ гэж харж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ташраараа ялагдана гэдэг ховор тохиолдол. Гэхдээ сонгогчдын тавьсан дүнг хүндэтгэн зангараг зааж Монголдоо хариуцлагаа хүлээнэ гэдэг сайн чанар. “АН-ыг МАН-аас суралц” гэвэл бүдүүлэг захиас  болно. Харин түүхийн өмнө нэгнээ хүлээн зөвшөөрч сураасай гэж хүсэх л үлдлээ.

Н.Дуулим

Эх сурвалж:Zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.