Comment.mn

Засгийн газрын гишүүдийн нэрс тодорч эхэллээ

-Дэгийн дагуу Ерөнхий сайд 14 хоногийн дотор Засгийн газраа бүрдүүлж, гишүүдээ томилох саналаа УИХ-д өргөн мэдүүлэх ёстой байдаг-

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат 97.1 хувийн саналаар сонгогдож, ажлаа аваад яг арав хонож байна. Энэ хугацаанд АСЕМ, Үндэсний их баяр наадам гээд завгүйхэн өдрүүд өнгөрлөө. Шинэ Ерөнхий сайдын хувьд АСЕМ-ын үеэр олон чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурж, ажиллалаа.

Гэхдээ Ерөнхий сайд дангаар ажиллаад байж болохгүй. Мөн өмнөх Засгийн газрын гишүүдийг удаалгүй өөрийн танхимыг бүрдүүлэх ёстой. Дэгийн дагуу Ерөнхий сайд 14 хоногийн дотор Засгийн газраа бүрдүүлж, гишүүдээ томилох саналаа УИХ-д өргөн мэдүүлэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл ирэх баасан гаригаас өмнө шинэ Засгийн газрын гишүүд буюу сайд нарын нэрс тодорхой болох учиртай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзалдах үеэр танхимаа гаднаас бүрдүүлж, сайд нарт “давхар дээл өмсүүлэхгүй байх”-ыг үүрэгдсэн. Тэгэхээр шинэ Засгийн газар ерөнхий дөө УИХ-ын гишүүн гэх давхар сэтэргүйгээр бүрдэх юм байна гэж ойлгогдоод байгаа. Гэхдээ гишүүд дээлээ давхарлаж ч магадгүй. Ж.Эрдэнэбатын танхим хэрхэн бүрдэхийг таахад бэрх. Гэвч мэдээлэх үүргийнхээ дагуу дараах таамгийг дэвшүүлж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Гадаад хэргийн сайдад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Хууль зүйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг дэвшүүлэх болов уу. Эдгээр нэрсийг Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар оруулахаар болсон тухай ч мэдээлэл байна.

Хэрвээ санал дэмжигдвэл таван гишүүн дээлээ давхарлана.

Ж.Эрдэнэбатын танхим 14-15 яамтай байхаар төлөвлөж байгаа. Мэргэжлийн Засгийн газар байгуулна ч гэж онцолсон. Энэ дагуу Шийдлийн буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зарим яамдыг нэгтгэж магадгүй болоод байгаа. Жишээ нь Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэнэ гэсэн мэдээлэл хүчтэй явж байна. Үүнээс болж яамдын албан хаагчид бужигнаад эхэлжээ. Мөн улсын төсөв хөрөнгийг хэмнэхээр халж байсан дэд сайд гэх албан тушаалыг эргүүлэн гаргаж ирэх тухай яриа байна.

Энэ бүх тодорхойгүй асуудлууд эдгээр өдрүүдэд шийдлээ олж, хариулт нь шагнал урамшуулал бус мэргэжлийн Засгийн газар байгаасай л гэж хүсч сууна.

А.Аюуш
Үндэстэн агентлаг

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.