Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын үеэр БСШУЯ, МУЗХ, МҮОНРТ, СББӨ-ийн төрийн бус байгууллагууд хамтран “Дэлхийн өв-Монгол Наадам” уриан дор хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд бүртгэн хамгаалагдаж байгаа Монгол үндэстний 13 соёлын өвийг “Дэлхийн өв-Монгол Соёл” нэрээр сурталчлан алдаршуулах арга хэмжээг 7-р сарын 11,12-ны өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд үзэсгэлэн гаргасаны зэрэгцээ үзүүлэх тоглолтыг амжилттай зохион байгууллаа.
НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенцийг 2003 онд баталж, түүний дагуу “Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт” болон “Яаралтай хамгаалах жагсаалт”-нд дэлхийн үндэстэн, угсаатны СББӨ-ийн гойд онцлог илрхийллүүдийг бүртгэн авч, хамгаалан түгээн дэлгэрүүлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийд Соёлын биет бус өвийн төлөөллийн болон яаралтай хамгаалах жагсаалтад 391 өвийн зүйл бүртгэгджээ. Ингээд эрхэм уншигчиддаа Монголын улсаас дэлхийн өвд бүртгэгдсэн өвүүдийг товч танилцуулъя.
Монгол улсаас ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн өвүүд
- Монгол Ардын Уртын Дуу (2008)
- Морин Хуур Хөгжмийн Уламжлалт Урлаг (2008)
- Монгол Баяр Наадам (2010)
- Монголын Уламжлалт Хөөмэйн Урлаг (2010)
- Шувуучлахуй (2012)
- Монгол Гэрийн Уламжлалт Урлал, Зан Үйл (2013)
Монгол улсаас ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн өвүүд
- Монгол Тууль (2009)
- Монгол Ардын Бүжиг: Бий Биелгээ (2009)
- Монгол Цуур Хөгжмийн Уламжлалт Урлаг (2009)
- Монгол Лимбэчдийн Уртын Дуу Хөгжимдөх Уламжлалт Арга Барил – Битүү Амьсгаа (2011)
- Монгол Уран Бичлэг (2013)
- Монгол Шагайн Харваа (2014)
- Ингэнд Ботго Авахуулах Зан Үйл (2015)
Монгол баяр наадам
Монгол Үндэсний баяр Наадмыг ЮНЕСКО “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д 2010 онд бүртгэн алдаршуулж хүн төрөлхтний соёлын өв санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь өндөр үнэлсэн билээ.
Монгол Наадам буюу Эрийн гурван наадам нь монголчуудын эртний улламжлалт баяр наадам бөгөөд эрхэм хүндтэйгээр өвлөгдөн уламжлагдаж өнөөг хүрчээ. Монгол баяр наадам нь Хурдан морины уралдаан, Бөхийн барилдаан, Сурын харваанаас бүрдэх ба уламжлалт спорт ардын аман болон язгуур урлаг, ардын мэдлэг арга ухаан уламжлалт гар урлал, үндэсний идээ ундааныэрхэм сайхан өвийг өөртөө багтаасан Монгол үндэсний баяр наадмын цүгц жишээ юм.
Монгол ардын уртын дуу
ЮНЕСКО, “Монгол уртын дуу”-г 2003 онд “Хүн төрөлхтний аман ба биет бус өвийн шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд “Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалт –д бүртгэн авч хамгаалан түгээн алдаршуулж байна.
Уртын дуу бол дуу дуулах бүхий л ур, арга чадамжийг хослон аль ч төрлийн дуунаас удаан уужим уянгалуулан дуулдаг Монгол үндэстний сонгодог урлаг юм. Уртын дуу нь төрийн хүндэтгэлт ёслол, баяр наадам, ард түмний эрхэм сайхан ёс заншил, зан үйл, хурим найрын сүр жавхаа, энх мөнхийн бэлгэдэл билээ. Нүүдэлчин монголчуудын эгэл амьдралаас ургаж, монгол хэлээр өвлөгдөн дуулагдсаар хүн төрөлхтний соёлын өв санг баяжуулсаар байна.
Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг
Морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг ЮНЕСКО хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээжээр 2003 онд тунхаглан зарлаж, 2008 онд Хүн төрөлхтний СББӨ-ийн Төлөөллийн жагсаалтад бүртгэн авч хамгаалан алдаршуулж байна.
Морин хуур гэдэг морин толгойтой хуур гэсэн утгатай. Хос чавхдастай. Чавхдас ба нумын аль алиныг морины сүүлийн хялгасаар хийдгээрээ онцлог. Морин хуур нь цар багтаамж ихтэй, хөг аялгуу илэрхийлэх чадвар сайтай, хийц ба эгшиг дуурсалын төгс төгөлдөр зохицлыг олсон монгол үндэсний хөгжмийн зэмсэг юм. Монголчууд төрийн ёслол, баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, ахуйн холбогдолтой зан үйлийн үед морин хуурын ая эгшигээ өргөдөг сайхан уламжлалтай.
Монгол хөөмийн уламжлалт урлаг
Монгол хөөмийн уламжлалт урлагийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэн алдаршуулан хамгаалж байна.
Хөөмий нь хүний амьсгалын болон өгүүлэхүйн эрхтнийг хөгжмийн зэмсэг болгон уран гоё ая эгшиг үүсгэдэг Хүн-хөгжим юм. Монголчууд хөөмийн урлагийг урлагийн “зэмсгийн” төгс чанарт хүргэн өвлөн хөгжүүлж байгаагаараа хүн төрөлхтний, соёлын өв санд нэгэн онцгой содон хувь нэмэр оруулж буй юм.
Шувуучлахуй
Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгүүлсэн. Монголчууд эртнээс нааш харцага шонхроор ан хийж, түүнтэй холбоотой арга мэдлэг, зан үйлийн арвин баялаг уламжлалтай байв. Шувуучлахуйн нэг гол хэлбэр болсон Бүргэдээр ан хийх зан үйлийн амьд уламжлал манай улсын казак үндэстний дунд өнөөг хүртэл язгуур хэв шинжээрээ ахуйн зан үйл, ёс заншил, аман билгийнх нь салшгүй хэсэг болж өвлөгдөн уламжлагдсан нь хүн төрөлхтний соёлын өв санг өвөрмөц өнгө аясаар баяжуулсан бахархалтай үйл юм.
Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл
ЮНЕСКО “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг Хүн төрөлхтний СББӨ-ийн төлөөллийн жагсаалтад 2013 онд бүртгэгдсэн энэ өв нь нүүдлийн соёл иргэншлийн амин сүнс нь болсон онцгой соёлын өвийн нэг юм. Монгол гэр нь малчин нүүдэлчин ардын нутаг сэлгэн нүүдэллэхэд тохирсон, ачиж тээхэд хөнгөн, барьж буулгахад авсаархан сууц юм. Гэр бол монгол үндэстний, гоо сайхны мэдрэмж, уламжлалт гар урлал, бэлгэдлийг цогцоор хадгалсан, хүн амьдрахад тохь тухтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр өвч бүтдэг, уран барилгын өвөрмөц шийдэл бүхий нүүдэлчин монголчуудын уламжлалт эко сууц бөгөөд тойрог суурьтай, тал бөмбөрцөг маягийн хэлбэртэй, гэрэл, дулаан болон агаарын зөв солилцоотой, газар хөдлөлт, салхи шуурганд тэсвэртэй, бөх бат, эвхэж задалж угсрагдах оньсон зохиомжтой, том бага янз бүрийн хэмжээтэй хийж хэрэглэж болдог онцлогтой.
Монгол тууль
Монгол тууль нь Монгол улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй зэрэглэлд багтдаг бөгөөд 2009 онд ЮНЕСКО-гоос түүнийг Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэн хамгаалалтандаа авсан болно.
Монгол тууль бол хэдэн түмэн мөр шүлгээс бүрддэг монголчуудын аман зохиолын аварга том туурвил билээ. Туульсын эдгээр бүтээлүүд нь монголчуудын домогзүй гүн ухаан, уран сайхны сэтгэлгээний охь шим, үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг төдийгүй тууль хайлах арга өвөрмөц ая аялгууг багтаасан соёлын гайхамшигт өв ажээ.
Уламжлалт бүжиг- Бий Биелгээ
Монголчуудын уламжлалт бүжиг – бий биелгээг 2009 онд ЮНЕСКО “Яаралтай хамгаалах Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэн авч сэргээн хөгжүүлж байна.
Үндэстэн ястнуудын ахуйн амьдрал, ёс заншил, зан үйл, сэтгэлийг биеийн уран гоё хөдөлгөөнөөр илэрхийлдэг бүжгийн уламжлалт урлаг юм. Монгол ардын Биелгээний хөдөлгөөн нь голчлон гэрийн бага орон зайд хагас сууж гараа атгах, цацах, цээж мөрөө огцом сугсрах, чичиргэх, хөлөө солбих, алхах, гишгэх, биеэ гунхалзуулах, суялзуулах, туялзуулах зэргээр бүждэг эртний өвөрмөц урлаг юм.
Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг
Монгол цуур хөгжмийн уламжлалт урлагийг 2009 онд ЮНЕСКО “Яаралтай хамгаалах Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэн авч сэргээн хамгаалж дэлхий дахинд алдаршуулж байна.
Монголын эртний хөгжмийн өвөг зэмсгийн нэг болох цуур нь уртааш барин үлээж хөгжимддөг 3 нүхтэй модон үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Цуурын хийц нь энгүүн эгэл мэт боловч нүүдэлчин монголчуудын олон зууны туршид өвлөн хөгжүүлж ирсэн хөгжмийн өвөрмөц урлаг. Цуур хэдийгээр гуравхан нүхтэй боловч байгаль дэлхий, уул, усны анир чимээ, хөг аялгуу, үзэсгэлэн гоо, сүр жавхаа, ан амьтны зан байдлыг хүний оюун сэтгэлд ургатал дүрслэн эгшиглүүлдэг увидастай.
Уртын дуу тоглох Монгол лимбэчдийн уламжлалт арга – битүү амьсгаа
Битүү амьсгаагаар лимбэдэх ховор хосгүй эл арга барилыг 2011 онд ЮНЕСКО-ийн “Яаралтай хамгаалах Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэн авч хамгаалж байна.
Лимбэдэх битүү амьсгааны урлаг нь монгол ардын уртын дууны ая, эгшиглэгээний онцлогт бүрэн зохицсон, ялангуяа уртын дуунд эхнээс нь дуустал огт таслахгүй уран гоё ая, аялгуугаар уужим сунгаж эгшиглүүлэн хамсарч дуулин хорвоог уяраадаг ажгуу.
Монгол уран бичлэг
ЮНЕСКО “Монгол уран бичлэг”-ийг яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтанд бүртгэн авч сэргээн хамгаалж байна. Монгол уран бичлэг нь Монголчууд эртнээс олон янзын бичиг үсэг зохиож хэрэглэхдээ түүгээрээ уран гоёор бичиж уншдаг ур авъяас, арга ухааныг хөгжүүлэн өвлөн уламжилж ирсэн соёлын гайхам сайхан өв билээ. үүний дотор Монгол бичгийн уран бичлэг нь нарийн тогтсон тиг, зурлагтай бөгөөд хичээнгүй, таталган, гүйлгэн, эвхмэл зэрэг уран бичих тигийн олон арга хэлбэртэй юм.
Монгол шагайн харваа
ЮНЕСКО Монгол шагайн харвааг нүүдэлчин ард түмний өвөрмөц содон соёлын өв гэж үзэн 2014 онд Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэн авч хамгаалан сурталчлан алдаршуулж байгаа билээ. Хашлага модон шагайгаар хасаа бай харваж оролцогчид нь цэц мэргэнээ сорьж тоглодог эртнээс уламжлагдсан монгол тоглоом наадам юм.
Ингэнд Ботго Авахуулах Зан Үйл
ЮНЕСКО “Ингэнд ботго авахуулах зан үйл”-ийг 2015 онд Яаралтай хамгаалах СББӨ-ийн Дэлхийн Жагсаалтанд бүртгэж хамгаалалтанд авсан юм.
Нүүдэлчин ард түмний энэхүү энэрэнгүй хосгүй гайхамшигт зан үйл нь дэлхийн бусад улс үндэстэнд тэр бүр тохиолддоггүй ховор үзэгдэл юм. Ингэнд голсон ботгыг нь эсвэл өөр ингэий өнчин ботгыг авахуулахдаа түүнийг уяраан аргадаж байж авахуулдаг өвөрмөц зан үйлийг дэлхийд жинхэнэ энэрэнгүй нандин өв юм гэж хайрлан хүндэлж байна.
www.URLAG.mn