Comment.mn

МАН ард түмний итгэлийг нэг өдөр, нэг хором ч алдах учиргүй

Монгол түмэн өчигдөр Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх барих гурван минутын эрхээ эдэлж ирэх дөрвөн жилийн төлөөллөө сонголоо. Өнөө жилийн сонгуулиар ард түмэн тогтвортой байдал, эв нэгдлийг чухалчлах сонголт хийж МАН-д үнэмлэхүй олонхийн ялалт өгсөн юм.
Тодруулбал, МАН-аас УИХ-д 65 суудал авч, харин АН-ынхан есөн суудал авлаа. МАХН-аас нэг суудал, бие даагч нэг суудал авснаар УИХ, Засгийн газрыг бүрдүүлэх эрхийг МАН авч чадлаа. Мөн НИТХ-д ч МАН-ынхан 36 суудал авч, АН-ынхан 11 суудал авсан юм. Сонгуулийн дүн олон ч хүний таамаглаж байснаас хол зөрөв. Өнөө жилийн сонгуулиар МАН олонхи бүрдүүлэх нь тодорхой байсан ч АН-ын хувьд 20 гаруй суудал авч эвслийн Засгийн газар байгуулагдана гэдэгт иргэд итгэлтэй байлаа. Гэвч тийм зүйл болсонгүй.
Тэр тусмаа НИТХ-д ийм үр дүн гарна гэдгийг хэн ч төсөөлөөгүй байлаа. Эцсийн дүндээ иргэдийн АН-д тавьсан дүн тэдэнд хатуухан санамж болсон нь дамжиггүй. Намын дотоод хагарал бутрал ямар үр дүн авчрахыг санууллаа. АН хэрвээ нэг Засгийн газартай байж, лидер улстөрчид нь дотооддоо зөрчилдөж хэмлэлдээгүй бол тэд арай ч ингэтлээ ялагдал амсахгүй байсан нь тодорхой.
Үүнийг жирийн гишүүд дэмжигчид нь хүртэл хэлж буй. Нам шинэчлэгдэх цаг болсон гэдгийг тэдэнд ойлгуулж өглөө. Яг л 2012 онд нэрээ солиод ялагдал хүлээж байсан МАН-ын амссан ялагдлыг тэдэнд амсууллаа.
Одоо АН-ынхан ялагдалдаа дүгнэлт хийж намаа шинэчилж, дотоод зөрчлөөсөө салах учиртай. Ард түмний аманд бэлэн мөнгө хийж, эс бөгөөс дуулиан тарьсан ганц нэг хөтөлбөр төдийхнөөр аргалж болдоггүй гэдгийг тэдэнд ойлгуулж өгөв.
Эрх мэдэлд хүрчихээд дураараа туйлж болохгүйг, эв нэгдэл тогтвортой байдал монголчуудад юу юунаас илүү чухал гэдгийг ойлгуулав. Цаашлаад хатуу хууль баталж, хэвлэл мэдээллийн амыг барих гэж оролдох ямар муухай үр дагавар авчирдаг вэ гэдгийг АН-ынханд харуулж өглөө. Өдөр тутмын сонин хэвлэлийг үл тоож, иргэдэд мөнгө өгөөд л аргалчихна гэсэн явцуу бодол тэднийг ялагдалд хүргэснийг нуугаад яахав. Монгол түмэн тэнэг биш гэдгээ л тэдэнд харуулж өглөө. Бүдэрсэн дээр нь даапаалж байна хэмээн бодох хэрэггүй биз.
Тэглээ гээд МАН-д итгэчихсэн хэрэг биш. Гуравдагч хүчин гэх шантаажлагч, бие даагч гэх кнопны наймаачдаар төрөө удирдуулахыг хүсээгүй дээ, АН-ынханд төрөө даатгаж эвдрэл, үл ойлгоцол, тогтворгүй байдлыг хүсээгүй учраас л МАН-аас өөр сонголт байгаагүй хэрэг. Тиймдээ ч Ардын нам ирэх дөрвөн жилд АН-аас ч илүү их хариуцлага, хүндлэл үүрч байна гэдгээ ухамсарлах нь зүйн хэрэг.
Ард түмэн тэднийг төрөө тогтвортой удирдаж, АН-ын хийж эхлүүлсэн ажлыг дотооддоо зодолдоод байхгүй хийж чадна, өмнөх алдаанаасаа ухаарсан гэж үзсэн учраас л сонгосон гэдгийг мартахгүй хичээж ажиллах учиртай юм. Дөрөв дахин илүү их зүтгэл, дөрөв дахин илүү их шинэчлэл хийж байж л тэд бид юу хийж чадах вэ гэдгээ харуулах учиртай юм. АН хэдийгээр хагарч бутарч байсан ч юм хийж чаддаг, бүтээдэг зүтгэлтэй, сэтгэлтэй гэдгээ харуулсан.
Тэгвэл МАН ч гэсэн ирэх дөрвөн жилд илүү ихээр зүтгэж, халамжлах бодлогыг биш бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлийг тууштай хийж чадна хэмээн итгэж байна. МАН-ын мөрийн хөтөлбөр ихэвчлэн мөнгө амласан хөтөлбөр бий. Гэхдээ дөрвөн жилийн мөчлөгтэй сонгуульд иргэдэд бэлэн мөнгө тараах биш нийслэлийг, улсыг нүдэн дээр цэцэглэн хөгжүүлээсэй гэж ард түмэн хүсч буйг дуулгая. Тэд хийх учиртай, хийхийн тулд сонгогдсон гэдгээ ч мартах учиргүй.
Эх сурвалж: mminfo.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.