Comment.mn

Иргэний үүргээ биелүүлж, сонгуульд идэвхитэй оролцоорой

2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт Монгол орон даяар 07:00 цагт нэгэн зэрэг эхэллээ. УИХ-ын ээлжит сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 1,912,901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ.

Бид сонгуулийн санал авах ажиллагаатай танилцахаар УИХ-ын 2016 оны сонгуулийн 49-р тойргийн 8-р хэсгийн санал авах байр, НИТХ-ын 2016 оны сонгуулийн 8-р тойргийг зорьсон. Энэ удаагийн сонгуульд ахмадууд болон залуус идэвхтэй оролцож байлаа.

УИХ-ын сонгуулийн 49-р тойргийн 8-р хэсгийн ахлах зохион байгуулагч Г.Хүслэн: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7-р хорооны иргэд УИХ-ын 2016 оны сонгуулийн 49-р тойргийн 8-р хэсгийн санал авах энэхүү байранд саналаа өгч байна. Баянзүрх дүүргийн 7-р хороо нь дотроо хоёр хэсэгт хуваагдаж байгаа бөгөөд нэг хэсэг нь энэхүү 8-р хэсэгт нөгөө хэсэг нь 9-р хэсэгт санал өгч байгаа. Манай 8-р хэсгийн хороонд бүртгэлтэй 2284 сонгогч байгаа. Одоогоор 08:37 цаг болж байна. Ирцийн мэдээг 09:00 цагийн орчимд өгнө. Нээлтийн ажиллагаа хуулийн хүрээнд болсон байгаа. Монгол улсын иргэний үүргээ биелүүлэн таныг ирэх дөрвөн жилд төлөөлөх УИХ-ын болон ИТХ-ын сонгуульдаа идэвхитэй оролцоорой.

Энэ жилээс сонгогчийн үнэмлэх өгөхгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд хаана саналаа өгөхөө мэдэхгүй байгаа тул иргэд хаана очиж саналаа өгөх талаарhttp://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудас болон 1800-1617 утаснаасҮНЭГҮЙ лавлаж боломжтой.

Мөн та иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол өөрийн санал өгөх хэсгийн хороонд хурууны хээгээ уншуулан саналаа өгөх боломжтой юм.

Сонгууль болж байгаатай холбоотойгоор бүх нийтийн амралтын өдөр болгосон бөгөөд өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Архи, согтууруулах ундаа зарах түүгээр үйлчлэхийг өнөөдөр, маргааш хоёр хориглоод байна.

Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд амралтын өдрүүдийн гаралтын тоогоор буюу 662 автобус ажлын өдрүүдийн цагаар буюу өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл ажиллана.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирцийн мэдээллийг 12:00, 17:00, 22.00 цагт тус, тус өгөхөөр болжээ. Харин урьдчилсан дүнг 22.00 цагаас хойш СЕХ-ны байранд дэлгэцээр шууд үзүүлэх юм байна.

Өнөөдөр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар сонгуулийн үеэр гол мөрөн ихтэй Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгийн 83 сумын 201 иргэн газраар 30450 гаруй иргэн голын ус гаталж, сонгуульд оролцох аж. Онцгой байдлын газруудаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гол ус гатлах үеэр иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 18 завь, 7 бярваз, 1 сэлүүрт завь, 23 автомашин гаргаж ажиллахаар бэлтгэл, бэлэн байдлыг хангажээ.

Сонгогчдын хувьд дуу бичлэг хийх, гар утсаараа зураг авахыг хориглодог. Хэрэв гар утсаар зураг авбал хэсгийн хороонд ажиллаж байгаа цагдаад мэдэгдэн, сонгогчийг санал байрнаас гаргаж, саналын хуудсыг хүчингүйд тооцох учир гар утсаараа зураг авахгүй байхыг анхаарна уу.

Өмнөх сонгуулиудад өндөр настангууд идэвхитэй оролцдог байсан бол энэ удаагийн сонгуульд залуус хамгийн идэвхитэй оролцож байгаа харагдсан. Тиймээс иргэний үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхитэй оролцон саналаа өгөөрэй.

А.Баярмаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.