Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “Амьтны ферм” хэмээх дуулиант зохиолоос сэдэвлэсэн Монголын анхны олон ангит мөүшн комик гарч эхэллээ. Тус бүтээл нь төр аливаа улс төрийн нам, хөдөлгөөн эвсэл, олон улсын байгууллагууд, төрөөс хувийн ашиг сонирхол хайгчдын дэмжлэггүйгээр гагцхүү Монгол залуус, олон нийтийн улс төр, нийгмийн боловсролд зориулан хэсэг уран бүтээлчдийн чин хүсэл эрмэлзлэлээр бүтээгджээ.
“Амьтны ферм” олон ангит мөүшн комик нь олон нийтийн сүлжээгээр онлайн хэлбэрээр цацагдаж байгаа бөгөөд нийт 9 ангитай юм.Тус бүтээлийг туурвиж байгаа уран бүтээлчдийн төлөөллөөс тодруулахад “Улс төр, засаглалын тухай олон бүтээл байдаг ч нийгмийн шаардлагаар хэсэг бүлэг залуус өөрсдийн хүсэл сонирхол, эрмэлзлэлээр нэгдэн энэхүү бүтээлийг мөүшн комик болгон хийлээ. Энэхүү бүтээлээр одооны ардчилсан чөлөөтэй гэгддэг нийгэмд тусган үзэж, өөрсдийн амьдарч буй нийгмээ харж болно. Засгийн эрхийг “гахайнууд” атгаж буй цагт, тэр хэдийг “хонин сүрэг” сонгосоор байгаа цагт энэ сэдэв дундрахгүй нь мэдээж шүү дээ” хэмээсэн юм.
Ямартай ч улс төрийн энэ цаг үед зарим талаар сургамж болох, магадгүй улс төрийн тавцанд амжилт олохыг хүсч буй нэгэнд нэгийг бодогдуулах биз ээ.