“Тээр жил дарангуйллаас ангижирч эрх чөлөөг хүссэн фермийн амьтад бослого гаргаж, фермийг эзэмшилдээ авсан. Тэр бослогод оролцсон бид эрх чөлөөг хүсч байсан. Гэвч бидний хүссэн эрх чөлөө ирсэнгүй. Эрх чөлөө гэх багний цаана өөр дарангуйлагч нар нуугдаж байсныг бид үнэндээ мэдээгүй юм…” хэмээн бүтээл эхэлнэ.
Суут зохиолч Жорж Оруэллийн дуулиант “Амьтны ферм” хэмээх энэхүү зохиол нь 1945 онд Англи улсад анх хэвлэгдэж байсан бөгөөд 1999 онд Б.Эрдэнэцэцэг монгол хэлнээ орчуулсан байна. Тус бүтээл нь өнөөдөр буюу 2016 онд шинэчилсэн хэлбэрээр нийт интернэт хэрэглэгчдийн дунд цацагдаад байна. Түүнчлэн Монголын анхны олон ангит мөүшн комик гэдгээрээ онцлог болж байна.
Энэхүү олон ангит мөүшн комик нь нийт 9 ангитай бөгөөд бүх насныхан үзэхэд зориулагджээ. Бүтээлийг төр аливаа улс төрийн нам, хөдөлгөөн эвсэл, олон улсын байгууллагууд, төрөөс хувийн ашиг сонирхол хайгчдын дэмжлэггүйгээр гагцхүү Монгол залуус, олон нийтийн улс төр, нийгмийн боловсролд зориулан хэсэг уран бүтээлчдийн чин хүсэл эрмэлзэл, хүч тэнхээгээр бүтээгдэж байгаа аж.
Эрх чөлөөг зарлан тунхагласан тэмцэл нь жигшмээр муухай зүйл болон хувирах хүртлээ хоосон урианаас цаашгүй зүйл болж, амьтдын өөрсдийнхөө төлөө хийсэн тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийн зорилгодоо хэрхэн ашиглаж, нийгэм бүхэлдээ гахайнуудаар удирдуулсан харгис дэглэм болж байгаа, эрх тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг, тэдгээрээс эрх ямбаа урвуулан ашиглахад иргэдийнх нь харанхуй бүдүүлэг байдал, номхон хүлцэнгүй зан авир ямар их боломж олгодог тухай энэхүү бүтээлд өгүүлэх юм байна.