Хэний хүү одтой бяртай, хэний хүлэг хурдан шандастай, хэний тавьсан сум цэц мэргэн байхыг харах наадмын өдрүүд айсуй. Энэ өдрүүдэд хүчит бөхчүүд хэдийнэ галдаа гарч бэлтгэл сургуулилтаа базаагаад эхэлжээ. Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810,Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд энэ жил 1024 бөх зодоглоно. Ингээд аль бөхийн дэвжээ хаана байрлаж, бөхчүүд хэрхэн бэлтгэл базааж буйг сонирхуулж байна.
“Увс нуур” бөхийн дэвжээ
Харзтайн амралтанд Увс аймгийн “Увс нуур” дэвжээнийхэн болон Баян-Өлгий аймгийн “Бес богда” бүргэд дэвжээнийхэн айлссан байна. Мөн тус амралтанд Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээнийхэн бэлтгэлээ базааж буй юм. “Увс нуур” галд залуу аварга С.Мөнхбат, Улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, уран барилдаант начин Т.Баасанхүү нарын хүчтэнүүд бэлтгэлээ базааж буй. Тус бөхийн дэвжээний галыг Монгол улсын арслан Б.Ганбатаар ахалжээ. Харин “Таван хан” бөхийн дэвжээнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн начин Ч.Баянмөнх, Улсын аварга Г.Эрхэмбаяр, харцага Саранцогт, Т.Өсөх-Ирээдүй, Б.Одгэрэл, улсын начин Н.Бүрэнбаатар, Ш.Зоригт, Г.Эрдэнэбат нарын бөхчүүд сургуулилт хийж байгаа юм.
“Хантайшир” бөхийн дэвжээ
Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээнийхэн сүүлийн жилүүдэд тогтмол гарч буй Цонжин болдогийн ойролцоо “Гео-Мандал” амралтын баазад гараад байна. Энд тус дэвжээний бөх Улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Ш.Тогтохбаяр нарын 50 гаруй бөх улсынхаа наадамд зодоглохоор бэлтгэлээ чамбайруулж байна. Тэд өнгөрсөн 13-наас бэлтгэлдээ гарсан бөгөөд долдугаар сарын 10-ны өдрийг хүртэл бэлтгэлээ базаагаад маргааш нь шууд үндэсний их баяр наадамд очиж зодоглох ажээ. Тус дэвжээний бөхчүүд 32 кг жинтэй туухай өргөх, “LEXUS 470” машиныг олсоор татах зэргээр бэлтгэлээ базааж байна.
“Их Монголын хүчтэн” дэвжээ
Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн Түргэний гол буюу Бугийн сангийн аж ахуйдаа уламжлалын дагуу төвхнөжээ. Энд Зүүнбаян-Улаан сумын харьяат, сумын заан Р.Цэрэнлхагва, Гучин-Ус сумын харьяат, сумын заан Г.Чулуунбаяр, аймгийн арслан Д.Болдбаатар, Хужирт сумын харьяат, аймгийн арслан Т.Мягмарсүрэн, Нарийнтээл сумын харьяат, аймгийн начин Б.Ганхуяг, тус сумын харьяат, сумын заан Б.Бямбадорж, Т.Адьяатөмөр нарын 40 гаруй бөх бэлтгэлээ базааж байна. Тэд Б.Ганбаатар арслангаар ахлуулан энэ сарын 18-наас бэлтгэлдээ гарчээ. Бөхчүүд 8 км-ын зайд кросс гүйх, уул өөд мацах зэргээр бэлтгэл хангаж буй юм байна.
“Булганхангайн хүчтэнүүд” дэвжээ
Булган аймгийн “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөхчүүд мөн Бугийн сангийн аж ахуйд бэлтгэлээ базаадаг байсан. Харин энэ жил “Дуган хад” амралтын газарт гал болон гарчээ. Тус дэвжээний бөх Улсын заан М.Өсөхбаяр, Улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нарын бөхчүүд сургуулилт хийж байгаа юм. Тэднийг Улсын арслан Д.Азжаргал, Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын начин Э.Энхбат нар ахалжээ. Мөн тус амралтын газарт Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээнийхэн шинээр бэлтгэлд гарчээ.
“Жавхлант” дэвжээ
Сүхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээнийхэн Төв аймгийн нутагт байрлах “Хайрын бэлэг” амралтын газар бэлтгэлээ базаахаар саяхан төвхнөсөн байна. Энд тус аймгийн Мөнххаан сумын харьяат “Жавхлант” дэвжээ, “Их Модун” группийн бөх аймгийн арслан Бо.Батжаргал, Онгон сумын харъяат Ш.Мөнгөнбаатар нарын залуу бөхчүүд чуулсан байна.
“Хан Хэнтийн аварга” дэвжээ
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтийн аварга”, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр “Хангарьд” спорт хорооны бөх Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Б.Одхүү нарын бөхчүүд Нийслэлээс 60 км-ийн цаана байрлах “Сүүж-Уул” амралтанд бэлтгэл базааж байгаа юм байна. Э.Оюунболд арслан энэ жил бэлтгэл тун сайтай байгаа гэнэ.
Өнөө жил тэгш ой тохиож буй тул 1024 бөх барилдах учиртай. Тиймээс хэн бүхэнд боломж бий. Чухам сэтгэлзүйн бэлтгэл, биеийн бэлтгэлээ хэр тааруулахаас бүх зүйл шалтгаална. Нар салхинд борлосон хөрслөг эрчүүд наадмын өглөөг сэтгэл дотроо өөрсдийнхөөрөө зурж байгаа биз ээ. Эв нь таарвал энэ жилийн наадмын түрүү хэнийх ч байж мэдэх юм.
Г.Тэгшсүрэн
Эх сурвалж: Shuud.mn