Comment.mn

Ээжийнхээ хэвлийд 12 сар бойжсон Д.Ганцэцэг “бага насны хөгтэй явдлаа хуваалцав”

Монголын урлагийн тайзнаа өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, үэзгчдэд хэдийнээ үнэлэгдсэн жүжигчдийн нэг нь Д.Ганцэцэг. Тэрбээр “Жинжиймаа” киноны дүрээр олны танил болсон нэгэн. Түүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр өөрийн төрсөн өдөртөө зориулж өөрийнхөө бага насны дурсамжийг хуваалцлаа.

“Доржготовынх гэдэг айл олон жилийн энэ өдөр дөрөв дэх охиноо өлгийдөн авсан юм. Улсын 1-р амаржих газарт 51 см, 4,200 гр охин мэндэлсэн нь БИ. Ээж минь намайг хэвлийдээ 9 биш 12 сар тээж төрүүлсэн юм гэнэ лээ. Уг нь яг хугацаандаа төрсөн бол 3 сарын 8 д төрөх байж шүү дээ. Юугаа хийгээд намайг төрүүлэхгүй байсан юм бэ гэж хааяахан ээжээрээ шоглодог юм. За тэгээд тэр улаан нялзрай нөхөр өдрөөс өдөрт бойжсоор л нэг нас хүрлээ шүү. Зун болж Ар согоот гэдэг лагерьт манайх гэдэг зусахаар болж. Аавтайгаа нэг ой хоёр сар гарантай нөхөр үлдчихсэн ид аашаа үзүүлээд л өлсөөд л чарлаж гарч. Аав бантан хийхээр түнтэгнээд л чарлаа нөхрийг цонх руу юм харуулж сатааруулж орхиж. Гэнэт л нөгөө чарлаа чив чимээгүй болоод мах хөшиглөж байсан аав эргээд хартал , цонх онгорхой чарлаа байдаггүй.Ухасхийн очоод хартал цонхны дор байсан угаадастай 8-н хувингаас хоёр хөл нь гозолзоостой..
Тэр оройжин бөөлжиж, гүйлгээд унтаагүй нялхыг үүрээр шахуу авч гараад орос бариачаар 3 хоног бариулж байж эдгэрсэн гэдэг.
Хэрвээ тэр угаадсыг аав нь цэвэрлээд хувингаа хураачихсан байсан бол байшинг тойруулж цутгасан цементэн дээр унаж, ээ бурхан минь түй түй яриад ч хэрэггүй , миний охин чинь амьдрах хувьтай байхгүй юу гэж ирээд л аав минь хуучилдагсан…Цаг хугацаа улиран одож, нөгөө чарлаа 3 хүрч цэцэрлэгт орлоо. Эхний өдрөө л хүүхдийн даашинз урж, маажсан хэрэгтэй аав ээжийнхээ чихийг халууцуулж орой нь ирэв. Өглөө нь дахиж тийшээ явахгүй гэж чарласаар байгаад цэцэрлэгт бус гэртээ цоожлуулж өнждөг болсон юм даа. Бага эгч минь сургуульд орж би дагаж оройд хичээл хийсээр 6 настайдаа уншаад сурчихав. Өөрөө 8 тай дөнгөж үсэг сурч байж ,дүүгээ уншаад сургасан гэхээр хэзээний л багш болох авьяас байж дээ. Одоо бол их сургуулийн маш сайн багш нарын нэг шүү дээ, эгч минь..!
За уншаад сурсан нөхөр чинь сургуульд орно гэж чарлаад л бэлтгэл ангид шалгуулахаар очлоо. 8 тай авдаг, тэгээд ч энэ хүүхэд 7 хүрээгүй байна гэхэд нь сарын дараа 7 хүрнэшдээ, тэгд ч би уншиж чадна гээд сонингийн хэсгээс уншиж өгч байж хүсэл минь биелэх нь тэр. Ингээд Шура багштай 1 в ангийн сурагч болов оо.
Өсөх тусам чарлаж уйлахаа больсон ч , дураараа, зөрүүд ёстой л аашны тулам болж ах ,эгч, дүү нартаа ад үзэгдээстэй. 4-р ангийн зуны амралтаар болсон тэр үйл явдлаас өмнө бол ах, 2 эгч, дүүдээ дургүй. Эд нар намайг үзэн яддаг болохоороо л дандаа загнадаг байх, намайг хайрладаг ах эгчээр сольчих юмсан гэж бодоостой. Тэр зун Яргайтын богинод зусч байсан юм. Аавын эгчийнд оччихоод Шарга морьтоос гэр лүүгээ харьж явав. Автобуснаас буугаад л шууд урдуур нь гарч зам хөндлөн гүйгээд л түс. 2 – р эгнээгээр явж байсан 12-21 дугаартай цагаан волга машинд мөргүүлээд шидэгдчихвээ, хөөрхий.
Эгч ах сандралдаад л ээж ч намайг аваад шууд гэмтэл орсон доо.Цагдаа сэргийлэх гэсээр ээж бид 2 шөнийн 2 өнгөрч байхад гэртээ орж ирлээ. Хөлөө шохойдуулсан нөхөр ээжид үүрүүлээд гэр лүү ортол, лаа асаагаад 2 эгч, ах, дүү 4 гитар дараад сууж байснаа бид 2 луу орилолдоод л ирэх нь тэр. Тал талаас л зүгээр үү миний дүү, үнсье ямар аймар юм бэ, ямар их санав аа гээд уйлалдаад. Би ч бүүүүүүр гайхаж хоцорлоо. Намайг үзэн яддаг гэж бодож байсан хүмүүс надад ямар их хайртайг нь мэдрээд л би ч уйлж ” Та нар надад хайртай л юм байна шд хайртай юм байна ” чарлаж өгсөн дөө, хэхэ. Ингэж л би хайр нь дотроо , хал нь гаднаа гэдэг үгийг утгаар нь ойлгож билээ.


10 р ангиа төгсч их сургуульд орох жил жинхэнэ ” дайн ” өрнөв. Аав ” Гүйээ ер манай удамд л алиалагч байгаагүй шүү. Тэгээд ч энэ нөхрийн жүжигчин болно гэж юу байдгийн. Авьяастай хүн төрдөгийн, Яг л Лхагвасүрэн шиг ” гээд л загнаж гарлаа. Харангын Лхагвааг Монголын ганц од гэж аав минь хэлдэг байсан юм. 60 тай гэхэд үнэн мэдрэмжтэй байгаа биз, хэхэ. Ээж миний талд ч аавын үгийг дагаад намирчих гээд болдоггүй. Гэсэн ч би санасандаа хүрч СУИС д орсон юм.
Оюутан цагийн амьдрал бусдын адилаар өрнөж нэг курс төгсөх жилээ ангийнхаа багшийн кинонд ангиараа тоглолоо. Нээлтэнд аав ээжийгээ уриад л гол дүрд нь тоглосон болохоор додигор сууж байгаад киногоо дуусгаад харилаа. Аав ч уурласан шинжтэй ооооооогт дуугарсангүй. Гайхасхийгээд орондоо ороод унтахаар хэвттэл аав ээж хоёрын хооронд ч гал авалцлаа шүү. Би хэлж чадахгүйээ. Өөрөө хэлэхгүй юу, Ганболд (ахыг минь хэлж байна) , Ганцэцэг та 3 миний үгэнд орох биш л гээд ээж хэлж байна. Аав эх нь юм бол охиндоо хэлээч, чи. Дэлгэц дүүрэн түмэн хүний нүдэн дээр охиноо эрэгтэй хүнтэй үнсэлцэхийг харах тийм сайхан байна уу. Чи чадахгүй бол би хэлнэ. Хэлээд зогсохгүй маргааш сургуулиас нь гаргана гэх нь тэр. За ингээд л суигуулиасаа гарч дээ гэж бодоод унтаж ч чадсангүй. Өглөө аавд загнуулахаас айгаад босч ч чадахгүй хэвтээд байлаа. Гэрийнхэн босоод л бүгд өөр өөрийн хичээл сургууль ажилдаа явахаар бэлдээстэй. Гэнэт аавын дуу
” Босооч, чи. Нэг кинонд тоглочихоод л сурах хэрэггүй гэж бодоо юу. Хичээлээсээ хоцорлоо ” БИ ч ухасхийн босоод годхийж гарахдаа дахин дахин аавынхаа хайранд залбирч хөөрч явлаа шүү дээ. 4 төгсөх жилээ дахиад л нэг хэрэг тарив. Дипломын жүжиг Адам Ева эротик жүжгийн гол дүр Ева болоод үсээ хусуулдаг юм даа. Ааваас нуугдаж 7 хоног боллоо. Нэг л өдөр баригдаж бөөн шуугиан. Аав ч ээж рүү охиноо харж байхгүй яасан юм гээд л дахиад л дайрч гарах нь тэр. ” Бид хоёрт ямар буруу байдаг юм. Багш нь л үсээ авахуул гэсэн, хэрэгтэй болоод л тэгээ биз ” өө за Одоо бүр охины минь толгойг Лхасүрэн мэддэг болоо юу гээд л бууж гарлаа. Ээж ч ажилдаа явж гэрийнхэн ээлжилж гарсаар бид 2 ч үлдлээ дээ. Халзан толгойгоо харуулахгүй гээд л баахан муур хулгана болсоор автобусны мөнгө авах учир заавал уулзах хэрэгтэй боллоо. Том өрөө рүү орж чаддаггүйээээ. Коридорт л зогсоод байлаа. Сэмхэн өрөөний хаалгаа онгойлгоод л гартал толинд нэг цаас хавчуулаастай. Аваад унштал
1. Гал тогооны ширээн дээр мөнгө байгаа.
2.Автобусандаа суугаад 2 талх аваарай.
3. Нөхөр минь малгай өмсөөрэй, Галзуу шар минь.( Чарлаа чинь Галзуу шар болчихсон үе, хэхэ ) Энэ районоор ийм толгойтой явахгүй шүү…
Нулимс бүрхээд л ирсэн. Аав минь дандаа 1,2,3 гэж дугаарлаж бичдэг хүн байж билээ, хэхэ.
Аавтайгаа өнгөрүүлсэн хором бүр сайхан байж дээ. Өнгөрсөнийх нь дараа зөвхөн надад гэж хаягласан, яг ингэж дугаарласан захиаг ээж минь өгч билээ…..
Сургууль төгслөө, театрт орлоо. Ажил ундарч, уран бүтээл хөвөрсөөр…..
23 тайдаа хүнтэй сууж 24 тэйдээ ээж болсон юм даа. Хүний эхнэр болоод л нөгөө дураараа өөрийнхөөрөө зөрүүд зан минь эрс зөөлөрч билээ. Ээжийн минь тусдаа гарахад хэлж байсан үгс байнга л бодогдоно.
“Эр нөхрөө үргэлж хүндэлж бай. Эр хүний хийморь айл гэрийн сүлд нь байдаг юм. Эм нь зөв бол эрийн хийморь үргэлж босоо байна шүү. Уурласан үед нь үг бүү сөрөөрэй. Тайвширсан үед нь цөөхөн хэдхэн жинтэй үгийг сонгож хэл. Эр хүн олон үг сонсч чаддаггүй юм. Тэр нь тэвчээргүйдээ биш цөөн үгийг 10 салаа утгаар нь ойлгож ,дүгнэх чадвартай , ухаан ихтэйдээ тэр шүү дээ.
Эмэгтэй хүн гэдэг бусдын төлөө л амьдрах гэж, хатууг зөөлөх гэж төрдөг юм. Сайн эхнэр болох нэг хэрэг, сайн ээж байна гэдэг том ухааан ” гэж хэлж билээ.
Ингээд л амьдрал минь жинхэнэ утгаараа эхэлсэн юм даа. Яг л аав шигээ ухаан ихтэй, нөмөр нөөлөгтэй сайхан хүнтэй амьдарч байсандаа амьдрал хэмээх хөлгүй далайд хөл алдан уналгүй явж байна даа.


Олон жилийн өмнөх энэ өдөр төрсөн чарлаа одоо 2 хүүгийн ээж болчихоод ээжийгээ баярлуулж мэндэлсэн өдрөө үүнийг эрээчин сууна даа.
Өнгөт орчлонд наиайг төрүүлж хайр энэрэлээр дүүрэн өсгөсөн эцэг тэнгэртээ, эжий бурхандаа сүслэн мөргөе.
Амьдрал хэмээх их далайд залуур юуг минь зөв залсан ачлалт мэргэн багш нараа хүндэтгэн мэхийе. Бага ангийн багш Б.Шура, дунд ангийн багш Ц.Должинсүрэн, их сургуулийн багш МУУГЗ, дэд профессор найруулагч, жүжигчин Л.Лхасүрэн, мугж Чаминчулуун, мугж Ц.Мягмар багш нартаа дахин дахин талархая.
Та нарын хүчээр би өөрийнхөө хамгийн эрхэм өдөртэй дахин золгож байна шүү дээ” хэмээв.

Авьяаслаг уран бүтээлчдээ уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргээд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

О.Ариун

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.