Comment.mn

70-р тойрог хамгийн сюрпризтэй нь байх уу

УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрог яах аргагүй олны анхаарлын төвд байна. Энэ тойрогт АН-аас УИХ-ын дарга З.Энхболд, МАН-аас Д.Лүндээжанцан өрсөлдөх бөгөөд гол тоглолт тэдний дунд явагдана хэмээн зарим мэдээллийн хэрэгслээр шуугиж байна.

Энэ хоёр эрхэмийн хувьд өмнөх болон одоогийн УИХ-ын дарга нар, хоёулаа Өвөрхангай аймгаас сонгогдож байсан хүмүүс. Тэдний эсрэг, үнэн хэрэгтээ УИХ-ын даргын эсрэг ИЗНН-аас Б.Батбаатарыг дэвшүүлэхээр тавьжээ. Түүний хувьд дөрвөн жил тордож тойголсон тойргоо эмэгтэйчүүдийн квотод алдсан гэх.

Б.Батбаатар Баянгол дүүргийн 70 дугаар тойргийг зүгээр ч нэг сонгоогүй бөгөөд УИХ-ын дарга З.Энхболдыг унагах, саналыг нь хуваах зорилготойгоор сонгосон гэж үзэх хүмүүс ч байна. Тэр ч байтугай З.Энхболдын эсрэг тулах түүнийг АН-ын зарим фракцууд уухайлан дэмжиж буй бололтой.

Гэсэн ч сонгогч иргэдийн хувьд хуучны хүмүүсээс илүүтэйгээр шинэ залуу нэр дэвшигчид рүү анхаарлаа хандуулж буй. Энэ сонгуульд өрсөлдөх бие даагчдын нэг нь ХҮН-аас угшилтай эдийн засаг ч мэргэжилтэй, гадаад дотоодгүй өндөр боловсрол эзэмшсэн Х.Ганхуяг гэх цоо шинэ өнгө төрх харагдаж байна.

Харин МАХН-аас уг тойрогт Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, хуульч Ч.Амарбаяр нэр дэвшиж байгаа. Түүний хувьд Д.Лүндээжанцан гишүүний саналаас нэлээдгүй хуваах нь тодорхой. Учир нь 90 жил чихнээ хоногшиж нүднээ дасал болсон МАХН-ыг дэмждэг сонгогчид цөөнгүй бий. Тиймээс Д.Лүндээжанцан гишүүний хувьд Ч.Амарбаяр бас л анхаарахгүй орхиж болохгүй өрсөлдөгч.

Магадгүй олны танил гэдэг утгаараа гол өрсөлдөөн УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн Д.Лүндээжанцан хоёрын хооронд болно гэх шуум байгаа ч үнэн хэрэгтээ тэднээс гадуур өнгөрчих магадлал бас байна.

Учир нь сонгуулийн өмнөх тандалтын зарим судалгаанаас харахад эрх баригч нам болон МАН-нд ард иргэдийн итгэх хандлага эрс буурч, сонгогчдын дийлэнх нь шинэ залуу нэр дэвшигчийг сонгоно гэдгийг дугуйлсан харагдана билээ. Тэгээд ч олон нийтийн хандлагаас харахад аливаа хоронд оролцоогүй нэр цэвэр, эрч хүчтэй, боловсролтой шинэ залуучуудыг л өөрсдийгөө төлөөлөх төрийн түшээгээр сонгох сонирхолтой байгаа бололтой.

Тэгэхээр бие даагч Х.Ганхуягт итгэл хүлээлгэх магадлал өндөр байна. Тэрбээр сошиал ертөнцөд нэлээд дэмжигчидтэй бөгөөд түүнийг дээрх хоёр гол өрсөлдөгчдийн саналаас хуваах гэсэн нэр дэвшигчдээс өөр зорилготой чадварлаг залуу гэдгийг олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг байна. Х.Ганхуягийн хувьд өөрийн хичээл зүтгэл шударга хөдөлмөрөөрөө бизнесийн салбарт амжилттай явж, гэрээ зассан нэгэн учраас хувийн жижигхэн ашиг сонирхол түүнд байхгүй нь тодорхой гэх хэсэг ч байна. Түүний сошиал дахь дэмжигчид, нэр хүндээс нь харвал Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийн хамгийн хүчтэй өрсөлдөгч ч байж мэдэх юм гэж ажиглагчид таамаглаж байна.

Дээр нь Баянгол дүүргийн 70-р тойргийг УИХ-ын даргыг “нугасалдаг” тойрог гэх яриа ам дамжин яригддаг юм билээ. Учир нь, 2004 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргийн 66 дугаар тойрог буюу одоогийн 70 дугаар тойрогт Батын Батбаатар тухайн үеийн УИХ-ын дэд дарга, МАХН-ын томоохон лидерүүдийн нэг Ж. Бямбадоржтой өрсөлдөн ялж байсан түүхтэй. Энэ үедээ Б.Батбаатар 31-хэн настай, олонд нэг их танигдаагүй шинэ залуу байсан гэдэг. Магадгүй энэ түүх давтагдаж шинэ залуу нэр дэвшигчийн аз нь шовойхыг үгүйсгэх аргагүй. Гагцхүү дээрх таамаглал хэр бодитой эсэхийг бид 20 гаруйхан хоногийн дараа л мэдэх үлдлээ.

М.Цэцэг

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.