Comment.mn

Тэтгэвэр, халамжийг нэмж “бэлэг барив”

Манай улсын хүн амын 10 хувь буюу 240 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 60 гаруй хувь нь сарын 1.5 хувийн хүүтэй жилийн 18 хувийн хүүтэй тэтгэвэр барьцаалсан зээл авч байна. Ахмад настангуудын 70 орчим хувь нь сард 200-300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Дээрх тооноос харахад тэтгэврийн зээлгүй ахмад гэж алга байгаа нь тод харагдаж байна.

Улсад 30-50 жил ажилласан ахмадуудын хувьд хураасан эд хөрөнгө гэх зүйлгүй учир тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг. Тэр мөнгө нь амьдралд нь хүрэлцэхгүйгээс гадна залуу үеээ тэтгэврийн зээлээрээ тэжээж, тэтгэж амьдарч байгаг хэн хүнгүй мэднэ.

Тэгвэл тэтгэврийг нэмнэ хэмээн олонтаа хэлэлцсэн ч шийдэлд хүрээгүй явсаар нэмэх шийдвэрийг өчигдөр гаргалаа. Үгүй яахав ээ баярын өмнөх өдөр нэмж ахмадууддаа бэлэг барьж байгаа нь сайшаалтай хэрэг. Нөгөөтэйгүүр айхтар сонгууль гэгчийнхээ өмнөхөн нэмж байгаа нь иргэдийн сэтгэлийг хоёрдуулах вий гэсэн болгоомжлол төрж буйг нуугаад яахав. Гэхдээ тэтгэвэр нэмсэн гээд саналаа өгчихгүй зөв л сонголтыг ахмадууд маань хийх биз ээ.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмнэ. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, 2016 онд дундаж тэтгэврийг 300 мянган төгрөгт хүргэхээр тусгасан. Тэтгэврийг ийн нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэх боломжтой болж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2014 оны 15, 2015 оны 52 дугаар тогтоолоор 20-22 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байсан юм.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ.

Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг төрөөс анхаарал халамж шаардлагатай 60 орчим мянган иргэн авч байгаа юм. Түүнчлэн байнгын асаргаатай иргэний халамжлагч болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 45 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг юм байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.