Улаанбаатар хотын хөгжлийн түүхэнд урьд хожид байгаагүй их бүтээн байгуулалтыг бид олуулаа ирээд хийчихсэн гэж цээжээ дэлдэж байгаа нөхдүүд бол Нийслэлийн Ардчилсан намынхан. Тэгвэл уучлаарай, Үүл даргаар удирдуулсан танай командынханд хандаж хэлэхэд, нийслэлийн түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй нэгэн үзэгдэл бол иргэд хэзээ ч тал дундуур нь зүссэн талхыг худалдаж авч байгаагүй юм шүү! Нийслэл Улаанбаатар гэхээр Чингисийн талбай тойрсон хэдэн өндөр барилга хийгээд, хэдэн киломерт үргэлжилсэн зам дагуух барилга байшингуудыг хэлдэггүй л баймаар. Нийслэл хот гэдэг бол хүний тухай яриа юм. Нийслэлд амьдарч байгаа иргэд ая тухтай, ажилтай орлоготой, хүн шиг амьдрах тухай яриа юм. Гэтэл сонгууль хаяанд тулсан энэ өдрүүдэд НИТХ дахь АН-ынхны хэлж ярьж байгаа зүйлсийг харахад Улаанбаатарыг танигдахгүй болтол нь өөрчлөөд, улс амьтны амьдралыг дийлдэшгүй сайхан л болгочихсон гэх гээд байх шиг. Тэгээд энэ сонгуулиар дахиад биднийг олууланг нь сонгочихвол зөндөө юм хийнэ гэсэн агуулгатай л юм ярьцгааж харагдана. Бас болоогүй, нөгөөх Үүл дарга нь хүү Б.Чулуудайгаа оффшор дансаар гүйлгээ хийсэн байх юм бол үтэр түргэн огцроод өгнө гэхчлэн шоугаа хийсээр л байна. Үнэхээр л тийм мундаг ёсзүйтэй дарга байсан юм бол аль дээр хүүгийнхээ компанид тендер авч өгсөн гэх асуудалд нэр холбогдохдоо л огцрох ёстой байсан байлгүй дээ. Гэтэл тэгээд намын дарга Зи-тэйгээ нийлээд л худлаа шоудаад байгаа нь зохисгүй л харагдаад байгаа юм даа.
Ер нь өнгөрсөн 4 жилийг харахад Үүл даргын багийнхан балаг ихтэй явж иржээ. Нийслэлийн удирдлагын эрхийг гартаа аваад удалгүй хэрэгжүүлсэн нэг томоохон ажил нь “Азийн цагаан дагина” гэсэн бичгээр гангарсан хогны том ногоон уут байсан билээ. Гэтэл нийслэлийн удирдлагууд үнэн хэрэгтээ хогны уут үйлдвэрлэх эрхийг “06 капитал”, “Монгол хэвлэл” гэх хоёр компанид тендергүйгээр олгосон байдаг. Тэдгээр компаниуд нь нийслэлээс төсөвлөж өгсөн гурван тэрбум төгрөгийг хувааж авсан хэрнээ чанаргүй бараа үйлдвэрлэлээ гэсэн хэл аманд багагүй хугацаанд ээрэгдсэн. Нэгэнтээ муу юм хийсэн газруудыг муу хэлэхээс ч яах билээ. Гол нь тэгээд хогны ногоон уутны төсөв мөнгө 3 тэрбумаар зогсоогүй бөгөөд тэрбум тэрбумаар нэмэгдсэн нь яах аргагүй хар сэр дагуулж ирсэн юм.
За тэгээд хогны уутаар бүтээн байгуулалтаа эхлүүлсэн Э.Бат-Үүл болон түүний багийнханд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэгсэд өнгөрсөн жилүүдэд олон байлаа. Тэрчлэн Э.Бат-Үүлийг огцруулах шаардлагыг өнгөрсөн жилүүдэд талууд хэдэнтээ тавьж ирсэн байдаг. Тэдгээрийн заримыг нь эргэн сануулъя.
-2014 оны 10 дугаар сард АН-ын гишүүд, дэмжигчид Э.Бат-Үүлийг огцрохыг шаардсан юм. Нэр бүхий иргэдийн зүгээс Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны гишүүдэд хандан гаргасан мэдэгдэлдээ “АН-ын өнөөгийн удирдлагын үед Ардчилсан Нам сүүлийн таван сонгуульд яллаа, Ардчилсан Ерөнхийлөгчөө хоёронтоо ялууллаа. Энэ ялалт бол бидний эв нэгдлийн шагнал.Гэтэл АН-ын эв нэгдлийг бусниулагчаар Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл тодорлоо хэмээцгээсэн юм. Тэдгээр иргэд Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүл МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эсрэг хэвлэлээр дайрлаа. Хотын захирагч Ерөнхий сайдын эсрэг хэвлэлээр дайрах нь Монгол төрийн гутамшиг боллоо, ийм араншин Э.Бат-Үүл даргаас гарлаа. Монголын төрд ямар жишиг тогтоов оо, дүүргүүдийн Засаг дарга хотын дарга руугаа, хороодын Засаг дарга нар дүүргийн Засаг дарга нар руу хэвлэлээр дайрах жишиг үү, Нийслэлийн засаг захиргааг самарлаа. Маргааш ямар үйлдэл гарган төрөлх хотыг минь самрахыг таашгүй хэмээн бухимдлаа илэрхийлж байсан билээ.
-Түүнчлэн НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өнгөрсөн онд гаргаж байсан билээ. НИТХ-ын МАН-ын бүлгээс Засаг дарга Э.Бат-Үүлийг эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 360 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг “Агаар цэвэр”, “Амины сууцтай”, “Ажилтай орлоготой”, “Аюулгүй амгалан”, “Авлигагүй, найрсаг” хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Харин Үүл дарга өөрийгөө огцрох ёсгүй хүн гэж үздэг билээ.
-За тэгвэл энэ он гарсаар Э.Бат-Үүлийг огцруулах шаардлагыг хэсэг иргэдийн зүгээс гаргасан юм. 3 дугаар сард Хэлмэгдэгсдийн хөшөөний урд талд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг огцрохыг шаардаж хэсэг иргэд жагсаж байсныг уншигч та санаж байгаа болов уу. Тэд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж Э.Бат-Үүл даргыг орлогч нараа цөөлөхийг хүсэж, зургаан орлогчоо ажлаас нь чөлөөлөхийг шаардсан юм. Мөн өнгөрсөн хугацаанд Засаг дарга нарын орлогч нарыг иргэдийн татварын мөнгөөр цалинжуулж, унаа, урсгал зардлыг нь санхүүжүүлдэг байсан нь хотын дарга Э.Бат-Үүл эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдэл гэж тэд үзсэн. Тиймээс Э.Бат-Үүл даргыг нийслэлийн иргэдээсээ уучлал хүсэж, албан тушаалаас давхар татгалзах ёстой гэж тайлбарлаж байсан юм. Харин Э.Бат-Үүл даргын тухайд дээрх иргэдийн жагсаалыг Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж буй явдал гээд өөрөө бол хууль журам зөрчөөгүй гээд өөртөө хир халдаадаггүй жишгээ давтаад суудал дээр сууж л байгаа.
Ер нь бол өнгөрсөн хугацаанд НИТХ-д олонхын хувиар сууж ирсэн АН-ынхан эгэл жирийн иргэдийн амьдралд наалдсан ажлуудыг хийсэн үү гэдэг асуултад нарийн тодорхой хариул гэвэл чухам юу юугаа нэрлэх нь сонин байна. Яах аргагүй цаг нь болсон, цаанаасаа шаардлагатай байгаа инженерийн шугам сүлжээний гэхчлэн ажлуудаар нүүрээ тахлаад, бусдын хийгээгүйг бид хийсэн гээд цээжээ дэлдээд байх нь зөв зүйтэй хэрэг мөн юм уу даа. Үнэндээ бол Улаанбаатарчуудын амьдралыг “Хангарьд” ордноос хараад байх биш, хотын захын гэр хорооллоор яваад хоногийн хоолоо граммаар нь л авч дийлдэг эгэл жирийн иргэдийнхээ амьдралыг нэг хармаар юм даа.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн