M2 мөнгөний нийлүүлэлт энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 10.5 их наяд төгрөгт хүрчээ. УБСЕ-ын мэдээлснээр мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ сарын дүнгээр 411.5 тэрбум төгрөг буюу 4.1 хувь, жилийн дүнгээрээ 820.2 тэрбум төгрөг буюу 8.5 хувиар өссөн байна. Харин гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ дөрөвдүгээр сарын эцэст өмнөх сарынхаас 13.1 хувиар өсч, 745.1 тэрбум болжээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 4 дүгээр сарын эцэст өмнөх сарынхаас 13.1 хувиар өсч, 745.1 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.2 тэрбум төгрөгөөр буюу 1.4 хувиар өссөн дүн боллоо. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл жилийн өмнөхөөс 5.4 хувиар буурч, 11.6 их наяд төгрөг болсон байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 56.1 хувиар өсч, 917.2 тэрбум төгрөг болжээ. Хэдий тийм боловч өмнөх сараасаа 47.8 тэрбум төгрөг буюу 5.0 хувиар буурсан дүнтэй гарчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 42.5 хувиар өсч, нэг их наяд 64.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 9.2 хувьд хүрчээ. Энэ нь 2015 оны мөн үеэс 3.1 пунктээр нэмэгдсэн дүн боллоо. 2016 он гарсаар валютын орох урсгалын дүн нэг тэрбум орчим ам.долларт хүрээд байна.
М.Баясгалан