Comment.mn

Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум боллоо

Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум өнөөдөр Улаанбаатар хотноо болов. Уг арга хэмжээг Монгол Улсын гадаад харилцааны яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүх Оросын телевиз радиогийн улсын компани (РГТРК) хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ-аас 17, Монголын талаас 45 сэтгүүлч төлөөлөгчөөр оролцжээ.

1990-ээд оноос хойш Монгол, Оросын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаа аажмаар уналтад орж, өнөөдөр харьцангуй хоцрогдонгуй байгаа гэдэг дээр  форумд оролцогчид санал нэгтэй байлаа. ЗХУ задраагүй байхад буюу 1988 онд Монгол-Зөвлөлтийн сэтгүүлчдийн анхдугаар чуулган болж, Хөвсгөл далайн экологийн асуудлаар хуралдаж байснаас хойш 28 жил хоёр орны сэтгүүлчид ийм түвшний арга хэмжээ зохион байгуулаагүй байсан юм. Ийм удаан хугацаанд зогсонги байдалд ороод байсан харилцааг сэргээж, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжийг бүрдүүлсэн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн бүх талын дэмжлэгт талархаж буйгаа форумд оролцогсод илэрхийлж байлаа.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид тус форумд тавьсан “Монгол, Оросын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаа” нэртэй илтгэлдээ “Манай салбарынхан хамтын ажиллагаагаа хөгжүүлэх улстөрийн таатай орчин бий болж байна гэж үзэж байна.  Оросын дорнын бодлогын нэгэн чухал салаа нь Монголтой хамтран ажиллах асуудал гэж сүүлийн үед Оросын албаны хүмүүс мэдэгдэж байна. ОХУ дотооддоо Сибирь, Алс Дорнодыг бүс нутгийн хөгжилд анхаарал хандуулж, гадаад бодлогын хувьд Дорно руу тууштай хандаж эхэллээ. Энэ нь хөрш зэргэлдээ Монгол Улсын хувьд хамтын ажиллагааны илүү таатай боломжийг бий болгож байна.

Аливаа улс орон дангаараа хөгжих гэж зүтгэхийн оронд хөрш орнуудтайгаа харилцан ашигтай хамтран ажилласны үндсэн дээр хамтдаа хөгжих нь илүү үр дүнтэй гэж сүүлийн үед хаа хаанаа хүлээн зөвшөөрөх болсон нь  манай салбарын хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлагаар Монгол, Орос, Хятад гурван орны төрийн тэргүүнүүд жил бүр тогтмол уулздаг боллоо. ОХУ-ын Эдийн засгийн коридор, Монголын “Талын зам”, БНХАУ-ын “Торгоны зам” санаачлагууд харилцан уялдаатай олон улсын эдийн засгийн том төсөл болох эхлэл тавигдаад байна. Бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээний ач холбогдолтой ийм том төслүүдийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, хөрш орнуудын хамтын ажиллагааг улам бүр хурдацтайгаар хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарынхан та бидний хамтын ажиллагаа чухал үүрэгтэй” гэж онцлон  тэмдэглэлээ.

Монгол-Оросын сэтгүүлчдийн форумыг цаашид уламжлалт ажил болгох, хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн харилцаа хамтын ажиллагааг бүх талаар дэмжих, томоохон хэмжээний хөтөлбөрүүд санаачилж хамтран хэрэгжүүлэх, хоёр орны ард түмний уламжлалт найрсаг харилцааг улам бүр хөгжүүлэхэд сэтгүүлчид тэргүүлэх үүрэгтэй оролцохын тулд хэрхвэл зохих талаар форумд оролцогсод чөлөөтэй санал солилцлоо.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.