Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар өнөөдөр мэдээллээ. Мэдээллийн үеэр хүн амын ажил эрхлэлттэй холбоотой болон өрхийн сарын орлого зарлагыг тодорхойлдог судалгааны дүнг онцлон танилцуулав.
Өнгөрсөн оны статистик үзүүлэлтээр Монгол улсын нийт хүн амын тоо гурван сая 57778 гэсэн дүн гарсан. Хүн амын ажил эрхлэлтийн судалгааны эхний улирлын байдлаар нэг сая 89 мянган хүн ажил эрхэлж байгаа бөгөөд эдгээр хүний 320 мянга нь хөдөө аж ахуй, 210 мянга нь үйлдвэрлэлийн салбарт, 560 мянга нь үйлчилгээний салбарт ажиллаж байна. Эхний улирлын байдлаар 143.5 мянган ажилгүй иргэн байна гэсэн дүн гарчээ. Үүнээс үүдэн ажилгүйдлийн түвшин 11.6 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ажил эрхлэгчдийн тоо буурч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан дурдлаа. Тухайлбал, ажиллагсдын тоо өмнөх жилийнхээс 27,6 мянгаар буурсан бол ажилгүй иргэдийн тоо 55 мянгаар нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор ажилгүйдлийн түвшин 7.6 хувиас 11.6 хувь болж өссөн үзүүлэлт гарчээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлж, ажил идэвхтэй хайж буй 33.4 мянган иргэн байгаа бөгөөд үүний 52 хувь нь эмэгтэй бөгөөд ажил хайж байгаа иргэдийн 49 хувийг дунд боловсролтой хүмүүс эзэлж байгаа аж.
Монгол өрхийн сарын дундаж орлого 849.5 мянган төгрөг байна. Харин зарлага нь 965 мянган төгрөг байгаа гэсэн дүн гарчээ. Үүнээс үнийн нөлөөллийг хасч, өрхийн бодит мөнгөн орлогыг тооцвол нэг өрхийн сарын орлого дунджаар 835 мянган төгрөг байгаа аж. Өмнөх оны мөн үеийн түвшинтэй харьцуулахад 106.2 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт гарчээ. Энэ үзүүлэлтийг орлогоор нь ангилвал нийт өрхийн 14.4 хувь нь 300 мянган төгрөг, 17.8 хувь нь 300-500 хүртэл мянган төгрөгийн орлоготой. Харин нэг сая 600 мянган төгрөгнөөс дээш орлоготой өрх 9.3 хувийг эзэлж байгаа аж.
М.Баясгалан