Улстөрчид тойрог мандатын тоог тохиролцох учиртай. Жагсаалтын 28-ыг хэрхэн хуваарилах нь тэдний хийж буй тохиролцоо. УИХ-д суудалтай намууд, ялангуяа АН, МАН-ынхан 28-ыг хэрхэн хуваарилвал ирэх сонгуульд өөрсдөд нь ашигтай вэ гэдгийг харж байгаа. Энэ ч үүднээсээ АН-ынхан 14:14 буюу хөдөө 14, хотод 14 мандат байх ёстой гэсэн шийдвэрийг бүлгээрээ гаргасан. Харин МАН-ынхан тэднээс өөр байр суурьтай байгаа. Нэг үгээр хэлбэл, тэд 20:8 байх ёстой гэсэн хувилбарыг дэмжсэн аж. Гэхдээ эрх баригчид 14:14 гэсэн санал гаргасан учир хөдөөд 16-18 мандат, хотод 10-12 мандатыг хуваарилах ёстой гэдэг саналыг бүлгээрээ гаргав.
Одоо яах вэ. Хоёр намын хувьд бүлгээрээ гаргасан шийдвэрээрээ лав мандатын тоог тохиролцож чадсангүй. Иймд дараагийн тохиролцоо хийгдэх байх. Хөдөөд хэд, хотод хэдэн мандаттай болохыг шийднэ. Бас аль аймаг хэдэн мандаттай болох вэ, аль дүүрэг хэдэн мандаттай болох вэ гэдгийг ч мөн тодорхой болгоно. Үүний дараа УИХ-ын сонгуульд горилогчид нам дотроо нэр дэвших эрхээ авах юм. Энэ процесс явагдахын өмнө АН, МАН тохиролцож, мандатын тоог хуваарилах нь мэдээж.
МАН-ын хувьд хөдөө орон нутагт рейтинг нь өндөр, ялах магадлал бий гэж харж байгаа бололтой юм. Энэ ч утгаараа орон нутгийн мандатын тоог нэмэх ёстой гэж буй. Мөн тухайн орон нутгийн хүн ам, газар нутгийн хэмжээтэй нь уялдуулан мандатын тоог гаргах хэрэгтэй гэдгийг ч тэд хэлж байгаа юм. Наанаа хэлэх нэг өөр. Цаанаа тохиролцох нэг өөр учир АН, МАН-ын тоглоомын дүрмийн дагуу бусад нам, эвсэл “тоглох нь”. Мандатын тоог хэрхэн хуваарилахаас хамаараад тэд дор бүрнээ өөрсдийн дүрмээ зохих биз ээ.