Comment.mn

Хямралтай жил эрхэм гишүүдийн орлого өсчээ

Авлигатай тэмцэх газарт жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг. 2014 онд 244 албан тушаалтны хөрөнгө орлогоо өгч байсан бол өнгөрсөн оны байдлаар 220 албан тушаалтан үүнд хамрагджээ. Энэ нэг жилийн хугацаанд албан тушаалтнуудын орлого, зарлага, хөрөнгө чинээ нэмэгдэх эсвэл хоргодох гээд ер нь л өөрчлөгдсөн байна. Тухайлбал, төрийн гурван өндөр албан тушаалтны орлого мэдэгдэхүйц нэмэгдэж, түүний хэрээр хадгаламж нь өссөн бололтой. Зөвхөн УИХ-д л гэхэд тэрбумаас дээш төгрөгийн орлоготой долоон гишүүн байгааг энэ тоон мэдээнээс харж болно. Орлого өндрөөс гадна хадгаламж, эд хөрөнгө, газар, үл хөдлөх хөрөнгө, мал, бусдад зээлсэн мөнгө зэргийг нь оруулбал тэрбумаар хэмжигдэх бэнчинтэй “тасарсан” амьдралтай гишүүд цөөнгүй байгаа нь харагдана. Хямрал нүүрлэсэн 2014-2015 онд эрхэм гишүүд орлого, эд хөрөнгө, хадгаламжаа арвижуулсан дүр зураг хөрөнгө орлогын мэдүүлгээс дэлгэрүүлж уншиж болох нь.




Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 80 сая 309,2 мянган төгрөгийн орлоготой байсан бол 88 сая 233,9 мянга болж нэмэгджээ. Гэр бүлийнх нь орлого 10,5 сая төгрөгөөс 12,3 сая болж өссөн. 418,9 сая төгрөгийн өртөг бүхий нэг орон сууц эзэмшдэг байсан бол өдгөө 526,9 саяын хоёр ширхэг орон сууцтай болжээ. Ерөнхийлөгчийн нэр дээр байдаг адуу, үхэр, хонь өсч үржсэн бол ямаа нь хорогдож, мөнгөөр тооцвол 31,7 сая төгрөгт хүрсэн байна. Хадгаламж нь нэг жилийн хугацаанд хоёр дахин өсч 25,3 сая төгрөгөөс 57,4 сая төгрөг болсноо мэдүүлжээ. Харин түүний компани, нөхөрлөлд оруулсан хувь, хувьцаанд өөрчлөлт гараагүй аж.



УИХ-ын дарга З.Энхболд 45 сая 816 мянган төгрөгийн орлогоо бага зэрэг нэмэгдүүлж 48 сая 816,3 мянга болгов. Орон сууц нэмж худалдаж аваагүй гэнэ. Нэр дээрх бүртгэлтэй адуу нь нэгээр нэмэгджээ. Эзэмшдэг газар, үнэт эдлэл, компанийн хувьцаанд онц өөрчлөлт гараагүй бол 22 сая 852,6 мянган төгрөгийн хадгаламжтай байсан нь 34 сая 498,5 мянга болон үржжээ.




Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2014 оны мэдүүлэгтээ 21 сая 641,7 мянган төгрөг олсноо бичсэн бол энэ нь мөн л нэмэгдээд 33 сая 401,5 мянган төгрөгт хүрч. 140 сая 480 мянгыг олдог гэр бүлийнхэн нь 183 сая болсон байна. 226,5 сая төгрөгийн нэг ширхэг орон сууц, хувьцаа эзэмшдэг компанийнх нь хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй. Хоёр автомашинаа 160 сая төгрөгөөр үнэлж байсан бол нэг болгон цөөрүүлсэн ч үнэ нь 190 сая төгрөг болжээ. Хадгаламж нь 121 саяас 166 саяд хүрч арвижжээ. Нэг ширхэг патент эзэмшдэг юм байна.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын орлого өмнөх жилийнхээсээ буурсан сонин дүр зураг гарав. 41 сая 72,4 мянган төгрөг олдог байснаа 39 сая 573,6 мянгад хүрчээ, 2015 онд. Эсрэгээрээ гэр бүлийнхэн нь 24 сая 628,2 мянган төгрөгийн орлогоо 32 сая 638,3 мянган төгрөг болтол нэмэгдүүлж. Машиных нь тоо нэмэгдэж, хасагдаагүй ч сольсон бололтой үнэлгээ нь 140 саяас 145 сая болжээ. Алдарт уяачийн адуун сүрэг өнгөрсөн онд өсч, үржиж 260 байснаа 300-д хүрчээ. Эзэмшлийн газар, үнэт эдлэл нь нэмэгдээгүй ч хадгаламж нь өссөн аж. 303 сая 222 мянган төгрөг нь 336 сая 300 мянгаар тоологдож эхэлсэн байна. Нэр дээрх компаниудаас “Улаанбаатар зочид буудал”-ын 5 ширхэг хувьцааг зарсан өөрчлөлт гарчээ.

Тэрбумтнуудын клуб  

УИХ-ын гишүүдээс  хамгийн өндөр орлоготойгоор гишүүн Г.Батхүү таван тэрбум 785 сая 236,6 мянган төгрөгөөрөө бичигдэв. Жилийн өмнөх орлого нь нэг тэрбум 302 сая 945,8 мянган төгрөг байжээ. Түүний мэдүүлэгтээ дурдсан 21 компанийн дөрвөөс бусдынх нь 50 хувийг тэрээр эзэмшдэг гэнэ.
Тэрбум төгрөгөөс дээш орлоготой гишүүн хэд хэд байгаа. Тухайлбал, С.Бямбацогт 4 тэрбум 64,3 сая, Ж.Энхбаяр 4 тэрбум 253,7 сая, М.Зоригт 1 тэрбум 514,7 сая, Л.Болд 1 тэрбум 385,9 сая, Б.Чойжилсүрэн 1 тэрбум 382,3 сая, Д.Зоригт 1 тэрбум 304,3 сая төгрөгийн орлоготой гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ. Орлогоо тэрбум гэж бичээгүй ч өөр бусад эд хөрөнгөөрөө парламент дахь тэрбумтнуудын клуб долоогоос олуулаа болох нь.

Хамгийн олон машинтай гишүүн нь Б.Наранхүү

Нэг тэрбум 185 сая төгрөгөөр тоологдох Land Rover Range Rover- 1,  Landcruiser, Standart- 1, Rollsroyce, Phantom- 3 зэрэг машинтайгаараа Б.Наранхүү гишүүн толгой цохиж байна. Өмнөх оныхоос өөрчлөгдөөд үнийн дүн нь буурсан ч тэрээр хамгийн олон үнэ бүхий машинтай гишүүн. 27 компанитай байсан ч 24 болж цөөрсөн хэдий ч нэгээс бусдыг нь Б.Наранхүү гишүүн 100 хувь эзэмшдэг. Түүнээс гадна 21 тэрбум 195,8 сая төгрөгийн хадгаламжтай болж өмнөх оныхоосоо гурав дахин өсчээ. Хадгаламжийн өндөр орлого, тэрбум гаруй төгрөгийн машин гээд түүний хөрөнгө энэ парламентдаа л хамгийн баянд тооцогддог.

Малаа өсгөдөггүй эрхэм “мянгат” гишүүн

Одоогийн парламентад хамгийн олон малтай нь Б.Бат-Эрдэнэ гишүүн байсан, байсаар ч… Хурдан удмын адуу 20, үхэр 60, хонь 3000, адуу 430, ямаа 400 гэж 2014 онд мэдүүлсэн. Харин өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд малын тоо толгой 52 саяд хүрч өссөн билээ. Гэвч эрхэм гишүүний мал сүрэгт энэ сайхан мэдээ нөлөөлсөнгүй бололтой. Хурдан удмын адуу 20, үхэр 60, хонь 3000, адуу 430, ямаа 400 хэвээрээ мянгат “малчин”-ы байраа алдаагүй байна. Бүр 2012 онд ч ийм л тооны малтай байжээ, Б.Бат-Эрдэнэ гишүүн.

4,2 тэрбумыг зээлж, 2,7 тэрбумыг авав

Хамгийн үнэтэй барилга байгууламжтай гишүүн нь Д.Оюунхорол. Нэг орон сууц, үйлдвэр үйлчилгээний хоёр барилга, бусад объект нь нийлээд найман тэрбум 752,6 сая төгрөгөөр үнэлгээтэй юм байна. Отгонтэнгэр сургуулийнх нь барилга байгууламжийн өртөг ийм гарсан бололтой.
Сургалтын төрийн сангаас эхлээд банкинд зээлтэй гишүүд бас бий. Гэхдээ зээлийнх нь хэмжээ тэрбумаар тоологдох нь ч байна. Д.Зоригт гишүүн Худалдаа хөгжлийн банкнаас 4 тэрбум 250 сая төгрөг зээлээд гурав дахь жилтэйгээ золгож байгаа. Харин эсрэгээрээ хамгийн өндөр дүнтэй авлагаараа өөрийнхөө 99 хувийг нь эзэмшдэг “Интер групп Интернэйшнл” ХХК-иасаа 2 тэрбум 700 сая төгрөг Л.Энх-Амгалан гишүүн авна гэж мэдүүлснээрээ тодров. Дөрвөн жилийн турш авлагаа барагдуулж “чадаагүй” байгаа аж.
Эх сурвалж: www.assa.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.