Comment.mn

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.05.05.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс албан ёсоор гарч буйгаа бичгээр мэдэгдсэнийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд гишүүдэд уншиж танилцуулав. Мөн тэрээр бүлгийн гишүүдийн тоо нь хуульд заасан шаардлагыг хангахгүй болсон тул Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн үйл ажиллагаа өнөөдрөөр албан ёсоор дуусгавар болж буйг мэдэгдлээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд байнгын хороодын саналыг хүлээн авч Улсын Их Хурлын тогтоол баталсан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батбаяр, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, байнгын хорооны ажлын хэсгээс боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж дэмжсэн талаарх тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч А.Бакей чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны ажлын хэсэг энэ хугацаанд хоёр удаа хуралдаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай төслүүдийг боловсруулжээ. Ингэхдээ ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулиас зөвхөн Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтэд хөндөгдсөн зүйл, заалт, хэсгүүдийг өөрчлөх зарчмыг анхнаасаа барьж ажилласан гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав. Мөн Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тус хуульд байгаа болохыг дурдсаны дагуу хуулийн зарим зүйл, заалт, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрчлөн найруулах, хүчингүй болгох зохицуулалт хийхээр төсөлд тусгасныг танилцуулсан юм.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлд “сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн тооцоонд энэ хуулийн 125.2-т заасан хугацаанаас 10 хоногийн өмнө хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт” гэсэн агуулгатай 128.3.10 дахь заалт нэмэх, 2 дугаар зүйлд Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийн “гишүүн” гэсний дараа “тус бүр нэг мандаттай 76 тойргоос” гэж, 128 дугаар зүйлийн 128.8 дахь хэсгийн “нэр дэвшигчдийн” гэсний өмнө “нам, эвслээс” гэж, мөн хэсгийн “бүртгэх” гэсний өмнө “бие даан нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор” гэж нэмэхээр тусгажээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн Сонгуулийн тогтолцоо гэсэн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг “7.1.Сонгууль нь олонхийн /мажоритар/ тогтолцоотой байна” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна. Түүнчлэн хуулийн 85.1.1 дэх заалтыг “85.1.1.намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан, эвслийг түүний бүрэлдэхүүнд орсон намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээрийн нэр дэвшигчийг” гэж, 126.5.3 дахь заалтыг “126.5.3.энэ хуулийн 126.1-д заасан нэрийн жагсаалтыг гаргахдаа энэ хуулийн 122.1, 126.4-т заасан хуралдаанаар нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн, тойргийн дарааллын дагуу үйлдэх” гэж тус тус өөрчлөн найруулахаар зохицуулжээ. Мөн хуулийн зарим зүйл, заалт, хэсгийг өөрчлөх, хүчингүй болгохоор тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Ч.Улаан, Д.Сарангэрэл нар байнгын хорооны даргаас асуулт тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь дэмжлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 75.9 хувь нь, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 75.4 хувь нь дэмжив. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм.

Хууль тогтоомжийн төслүүд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж ирэх долоо хоногийн нэг дэх өдөр гэхэд дуусах байсныг Улсын Их Хурал цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай уялдуулан баталсан хуулийн шинэ зохицуулалтаар энэ сарын 23-ны өдрөөс эхлэхээр хойшлуулж байгаа. Ингэснээр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд боломж олгож байгаа. Харин аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажил нэг дэх өдөр гэхэд дуусна гэдгийг дурдав. Мөн тэрээр Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тул энэ талаарх шинэ зохицуулалтыг ирэх долоо хоногтоо багтаан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэдгийг хэллээ.

Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.