Comment.mn

Бүү март! шинэ зүйл бол мартагдсан хуучин

Баян тансаг орчинд төрөөд баян тансаг явсаар үхлээ гэхэд тэр нь жинхэнэ амьдрал гэж үү? Амьдарсан гэдгийг нь хэн батлах вэ? Бодоо том лам явсан ч Ардын хувьсгалд оролцоогүй бол мэдэх хүн байх болов уу? Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазар хорин нэгэн дарь-эхийг бүтээж соёмбо үсэг зохиогоогүй бол язгууртан хэмээн түүхэнд үлдэх байсан болов уу?

Хүн ухаанд зорьсон бол бүтээл нь, баянд зорьсон бол буян нь, нийгэмд зүтгэсэн бол үйл хэрэг нь үлддэг. Тиймгүй бол тэр хүний амьдралын утга учир юусан билээ. Ургамал соёолж, цэцэглэж, үрслүүртээ үрээ боловсруулаад ганддаг шиг, тарвага мөндлөө үлдээхийн төлөө амьдардаг шиг, хүн ч амьд байгалийн энэ л жамаас үл гажна. Хамгийн гол нь үр хүүхдийнхээ төлөө л гэж амьдрал тэмцэлд хутгалдаж явна. Эцэг, эх ийм ариун үүрэгтэй бөгөөд бузар аргаар энэ үүргээ гүйцэтгэхийг зоривоос удам судраа буртаглана. Хорьхон настай залуу эр, хүний амь хохироож цааз ял сонсон эцгийн удмыг мөхөөх гэдэг юутай гаслан бэ? Цэцэг цэврүү шиг охид буудлын үүдэнд янхан нэр зүүж, өчүүхэн ашгаар монгол биеэ бузарлаж, эхийн ариун умайгаа буртаглана гэдэг юутай гутамшиг вэ? Саар нэр муу үйл, хэзээд тамын зовлонг эдэлнэ. Өнөө маргааш ялгаагүй нэгэн цагт нүгэл нь нүдээрээ гарна. Хүн бүхэнд сайн сайхан чанар бий. Тэр байтугай амьтан бүр тухайлбал унага л гэхэд даага болж, эмнэг зан нь эдэлгээнд номхорч хурдан нь наадамд уралдаж, сайхан зүстэй нь гоёлд, хашин номхон нь хонины унаанд гэх мэтээр адуу болгон өөрийн түүхээ бүтээх агаад онцлох шинжгүй нь малын жамаар хүнсэнд… гээд түүхээ цэглэе.

Заяасан эзний маллагаа сургалт, тэр байтугай орчин цаг ч адуунд нөлөөтэй. Тиймээс ч Дандарын алаг морь, Сүхбаатарын ухаа хонгор, Чингис хааны найман шарга хэмээн алдаршсан. Үүн лүгээ адил хичнээн ухаантан суутан ч гэлээ тухайн хийгээд омнөх үеийнхээ эрдмийн учрыг хэрхэн тунгаасанд алдар нь оршдог юм. Нийгмийн амьдралын тухайд социализм бол манайдаа феодалын нийгмийн үр төл нь байсан. Энэ тогтолцоо өмнөх нийгмээ бүрэн үгүйсгэж бусниулснаар эрх танхай өсч, нас тогтох үедээ налайтал жаргах хувь олдсонгүй тартагтаа туллаа. Өнөөгийн хүнлэг энэрэнгүй нийгмийн үр үндэс нь социализмын бааз суурь байсан бөгөөд ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг болсноос баян монгол орон минь буурайн дансанд орж, бадар барьсан гуйлгачны адил болов. Ихэнх тохиолдолд ялангуяа үхэл гэдэг байгаль нийгмийн жам ёс байж,нийтлэг агуулга нь ялалт болж хувирдаг. Тиймгүй л бол хүний амьдрал мууранд баригдсан хулганы үлгэр шиг байхсан. Зах зээл гэгч муур, социализм гэгч хулганыг тасар татан үмхэх ёстой хэмээн туйлшрагчийн үг энэ үлгэрийг санагдуулдаг. Хөгжлийн тухай ойлголтыг удамшил өв, авъяас гэж ойлгоно уу гэхээс биш, гуйлга болон харийн гял цал зүйлийг дам хэрэглэгч болгохыг хүсэж, улс төр, ард түмэн хоёроор тоглож болно гэж үү? Африкийн гадил жимсийг Архангайд ургуулна гэх шиг л хоосон мөрөөдсөөр өдий хүрэв. Өнөөгийн англи үгнээс буулгаж буй үгнүүд иймэрхүү гадил л биш байгаасай. Том гүрний жишээг бага гүрэнд хуулбарлах нь том хүний цамцыг хүүхдэд өмсгөхтэй ижил бөлгөө. Дорно өрнийн ялгаа, нүүдлийн болон суурьшмал соёл иргэншлийн зөрүү, уламжлал шинэчлэлийн шүтэлцээ, техник, тех-нологийн хийгээд мал аж ахуйн үйлдвэрлэл гээд нэгэн зүйлийн хоёр тал, адилхан л хүний нийгмийн онцлогтой холбогдсон хоёр өөр учиртайг төрийн толгойд гарсан бүхэн таг мартаад байна уу даа. Малыг малчдад өгсөнөөр ардчилагчид маань бахархдаг гэнэ.

Малыг малчид биш хэн маллаж байсан юм бэ? Малыг хувьд өгсөн гэвэл энэ чинь монгол түмний мянган үеийн уламжлал болохоор огтхон ч шинэ юм биш шүү дээ. Суурь үнийг зоригтой чөлөөлсөн л гэнэ. Энэ чинь монголд бүр феодалын нийгмийн үед байсан панз наймааны ханш гэдэг нэгэн ойлголт юм. Макро эдийн засаг, жижиг үйлдвэрлэл л гэнэ. Энэ чинь өрх гэр бүрт байсан уламжлалт үйлдвэрлэл биз дээ. Харин бодит социализмын үеийн гажуудлыг залруулж буй хэрэг гэвэл яах аргаүй зөв болохсон. Манжийн эрхшээлд байсан үеийн ядуурал, үй олон гуйлгачин, бичиг үсэг үл мэдэх явдал, бадарчин буюу тэнүүлчин, янхны газар, хээл хахууль зэргийг социализмын үед л арилгасан юм. Өмнөх үед айх, ичих нүүр тухайлбал шашны итгэл, ардын ёс заншил, хууль ёсноос эмээх хүмүүжил байсан бол өдгөө юунаас ч айхгүй, хатуу хахир сэтгэл давамгайлж, харин ч нүцгэн шалдан хүүхэн, садар самууны зураг дүрсээр дүүрсэн сурталчилгаа, алаан хядааныг үзүүлсэн сүүдэр ший гээд бузар булай бүхэн шүглэжээ. Энэ ч бас шинэ юм биш. Тухайн үед манж, улаан, цагаан орос, гамин цэргийн алаан хядаан, хятад данжаад нарын янхны газар олон арваараа байсан билээ. Муу муухайгаа өвлөн сэргээдэг, сайн сайхнаа таг мартдаг бидний тахилыг хэн буруу тийш нь харуулчихваа! Капитализмын түүх бол колоничлол, шинэ колоничлол, хөдөлмөрийн мөлжлөг, нарийсгавал мөрийцөл, янхандал, өнгө мөнгөний шуналтай холбоотой. Урагшилж байгаа гэсэн үзүүлэлтийг юутай жишиж, ямар үзүүлэлтээр авч үзэж байгаа хэрэг вэ? Талын малчны цагаан гэрийг тэнгэр бараадах цамхагуудтай, саальчин бүсгүйг Солонгос киноны хүүхэнтэй адилтгаад ядуугаа гайхаад байна уу? Хөгшин европын том хотууд, Ёлын ам, Хорго, Ээж хайрханы аль нь хөгжил юм бол! Ирээдүйд аль нь хэрэгтэй вэ? Коко кола, сарлагийн сүү хоёрын аль нь шим тэжээлтэй үнэ цэнэтэй чанартай вэ? Нүүдэлчдийн морь, суурин иргэдийн машин хоёрын аль нь байгальд хөнөөлтэй вэ?

Америкчууд эд баялгаараа Европчууд соёлоороо монголчууд байгалиараа гайхуулдаг биш үү? Францад, Америкт… ийм тийм музей байна гэлцэх юм. Монголын хээр хөдөө буюу тэр хов хоосон харагдаад байгаа “зүйл” маань үнэт үзмэр биш юм уу. Чингисийн төрсөн бууц, өссөн газар нь хосгүй үзмэр болохоос бус тэнд хашаа босгож, шилэн хоргонд эд тавьснаар үзмэр болдог гэж үү? Одоо харагдаж буй талын цагаан гэр, Чингис хааны гал голомт, саахалт айл гэдгийг санах хэрэгтэй. Цагаан сүрэг, торгон сүрэг л бэлчиж явах ёстой юм сан. Бидний шинэд тэмүүлсэн мөрөөдөл манж орос улсуудын эрхшээлд автсан колони сэтгэлгээ, европ ухаанаар хэрэгжинэ гэж үү? Ардчилсан хувьсгал бидэнд цоо шинэ зүйл авчирсангүй. Бидний шинэ сэтгэлгээ бол хув хуучин юм. Өлсгөлөнгийн шинэ тэмцэл нь Чингис, Хубилай, Мандухай, Хатанбаатар, Сүхбаатар нарынх шиг бэрхшээл цөхрөл, өндөр үнэ шаардсангүй. Тэр нь угтаа МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны гишүүдийн ухамсартай ялагдлын үр дүн байсан. Түүнийг өөрсдөө л хувьсгал гээд байгаа болохоос биш гадаадынхан огт өөрөөр ойлгодог аж. “1990 онд БНМАУ-д үлэмжийн өөрчлөлт гарав. Энэ нь шинэчлэлт хөдөлгөөнд орсон жил болохоос биш хувьсгал биш юм” Ардчилалын зарчмуудад тайван замаар шилжиж болохын сайхан жишээ үзүүлж байгааг харгалзан…” (АНУ-ын конгрессын хоёр танхимын 1991 оны тогтоолоос) гэх мэтээр дүгнэсэн байгааг ч үзсэн бид үндэсний шинэчлэлт хийхийг л зорьж байгаа бус уу? Харин арга зам маань ямар байх вэ? Ардчиллын алтан хараацайнууд үүрнээсээ дэрхийн нисч төрийн ордны хаалгаар шуугилдан орсны гавъяа, европын тусламж харийн ухаан, бусдын сэтгэл санааны дэмжлэг байсан гэвэл монголчууд гомдох болов уу.

Тэр үеийн улс төрийн идэвх гэдэг социалист үзэл суртлыг өдгөөгийн үндэсний ухамсраар солъё. Мөнгө гэдэг капиталист онолын үндсийг монгол сэтгэл, эх оронч үзлээр халъя. Монгол улсаа бид монгол ухаанаар жолоодно. Хүн харж байж нүдээрээ үзэж байж итгэнэ. Алс холын хөгшин европийн гайхалтай улсын нийслэл Лондонд суралцахаар очихдоо хөгжлийг хайж очсон зорилго маань эргэцүүлэлээр солигдож хөгжлийг хайх өнцөгтөө би өөрчлөлт хийсэн. Өндөр байшин, өргөн зам хөгжил бишийг ухаарсан хүн төрөлхтөний сэтгэлгээний шинэ хандлагатай хөл нийлэхгүй юмаа гэхэд хоцрохгүй явах нь бидний хөгжил гэлтэй. Дэлхийн олон оронд хурал зөвлөгөөн, семинар, симпозиумд оролцож нэр хүндтэй бизнесменүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж ярилцаж явсанаа эргэн санахуйд тэдний алсын хараатай бодлынх нь үзүүрт уламжлалгүй шинэчлэл үгүй гэх хатуу томъёолол нуугдаж байсныг өнөөдөр би ухаарав. Би ийм л бодолд ээрэгдэн, энэ л үзэлдээ үнэнчээр үлдэнэ. БНСУ-д өрнөсөн шинэ тосгоны хөдөлгөөний алхам бүр бидний цаашид барих бодлогод гойд санаа өгөх шиг санагдаж сум орон нутагтаа сайхан амьдрах гарцыг хайх сэдлээр ажилласан өнгөрсөн хугацааны ажлын үр дүнгээ би дүгнэж энэ улсын хөгжлийн бодлогод дусал санаа, сэтгэл зүтгэлээ өгөх хүсэлд чиглэв. Аугаа их уламжлалын улбаа бүдгэрэн алслах мөч бол бидний мөхлийн эхлэл гэдгийг саная. Шинэ зүйл бол мартагдсан хуучин шүү, худлаа гэвэл аав, ээжээсээ асууцгаа!

“Оюун санааны наран мандана” цуврал нийтлэлүүд

Н.Учрал

Доктор (Ph.D)

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.