Comment.mn

С.Зоригийн хэргийг шинэ хуулиар “нам дарах” гээд байна уу

Чоно борооноор, хулгайч сиймхийгээр гэдэгчлэн Үндсэн хуулийн цэц намын жагсаалтыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, түүнийг нь хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй хэмээх бужигнааны сиймхийгээр эрх баригчид Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталсан. Анхнаасаа зохион байгуулалттайгаар бэлтгэж, сиймхийгээр хүч түрэн батлах зорилготой байсан энэхүү хуулийн цаана эрх баригчид өөрсдийн хийсэн гэмт хэргийн мөрдөлтийг хяналтандаа байлгахыг санаархаж байна.

Ашиг сонирхлын зөрчилтэй улстөрчдийн төрийн нууцад халдах эхлэл болсон Хууль сахиулах тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулга нь өөрөө эрх мэдэлтнүүдийг хууль, хүчний байгууллагын нууцыг гартаа оруулах арга зам нь болж байна. Хүний эрх, эрх чөлөөгөөр халхавчилсан шинэ хуулиар хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа нэг хүний гарт төвлөрөх бөгөөд энэ нь хууль хяналтын байгууллагыг улстөрөөс ангижруулах бус харин ч улстөрийн нөлөөнд бүрэн утгаар нь оруулах эхлэл болж байна. Эрх баригчдын Үндсэн хууль зөрчиж, Монгол Улсын тусгай албаны эрх ашигт халдсан шинэ хуулийг эсэргүүцэж тусгай албад Ерөнхий сайдад хандаад байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай хуулийн шинэ өөрчлөлтөөр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагуудыг Хууль зүйн сайд буюу цаад утгаараа Засгийн газар хянадаг болох юм.

Тиймээс Хууль зүйн сайд Ерөнхий сайдад хандав. Хэрвээ энэ хууль энэ чигээрээ батлагдвал хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа улс төрийн нөлөө, хараанд орж, улстөрчид өөрсдийнхөө үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгах үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж, гэмт хэргийн мөрдөн байцаалтыг хянах боломж бүрдэнэ. Ингэснээр гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны чадамж суларч, зохион байгуулалттай, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргийн илрүүлэлт буурч, улмаар гаарахыг ч үгүйсгэх аргагүй.

Иймээс цагдаа, авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж, дээрх хоёр хуулийг татаж авахуулах саналтай байгаагаа илэрхийлжээ. Өнгөрөгч 2015 оны 6 сард АТГ-ын “араа шүдгүй болгох” хуулийн төслийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг санаачлан хэлэлцүүлсэн ч азаар амжилт олоогүй. Тэгвэл энэ удаад эрх баригчид яасан юм бүү мэд өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт өөрсдийгөө хамгаалах хуулийг “баталлаа”. Ингэхдээ ард түмнээ хууран байж хэлэлцэж баталсан явдал юм. Телевизийн камерын өмнө гишүүдийн ирцийг 40 гаруй байгаа мэтээр харагдуулсан ч үнэн хэрэг дээрээ дээрх хуулийн төслүүдийг ердөө 15-хан гишүүн хэлэлцэж баталсан юм.

Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт твиттер, фэйсбүүкээр их явж, шүүмжлэл дагуулсан Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нар бусад гишүүдийн кнопыг дарсан асуудал энд холбогдож хуулийг “гууль” болгосон явдлыг санах хэрэгтэй. Өөртөө хэрэгтэй хуулийн төслийг арав гаруйхан хүн сууж байгаад хээвнэг баталчихаж байгаа нь цагаандаа гарсны илрэл бус уу. Зарим гишүүд ирц бүрдээгүй гэдгийг хурал даргалагчид сануулсан ч үл тоомсорлосон. Мэдээж тухайн өдрийн хурлыг хамаг “хуйвалдаан”-ы эзэн гэгддэг Р.Гончигдорж гишүүн даргалж байсан нь хардлагыг бүр ч бататгаж байна.

Ингээд ажлын хэсгийн гишүүн Ц.Оюунгэрэл гишүүн ойр хавынхаа 7-8 гишүүний саналын кнопыг дарж харагдсан. Х.Тэмүүжин гишүүн ч мөн адил цөөнгүй хэдэн кноп дарж явсан. Эцэст нь иргэдээ мэхэлсэн хуулийн төслийг 40 хүн баталсан мэтээр “жүжиг” зохиож ард түмнийг басамжиллаа. Уг нь, онцгой дэгээр хэлэлцэгддэг дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон эхний хэлэлцүүлгийг хийх нь хамгийн чухал байдаг. Хэрвээ хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэж эхний хэлэлцүүлгийг нь хийвэл шууд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлдэг. Харин эцсийн хэлэлцүүлэгт нь ямар нэгэн санал нэмэх, өөрчлөлт оруулах боломжгүй байдаг.

Тиймээс эрх баригчид цаг сунгаж хуралдаж байгаад дээрх хуулийн төслүүдийг “гараас гаргаж” нэг тийш нь болгосон. Ингэхдээ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан найруулгын 54 саналыг хэлэлцэж дэмжсэнээр Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж чадсан. Товчхондоо, энэ хуулиар хэн нэгэн улстөрч, албан тушаалтан нь авилгын, албан тушаалын хэрэгт холбогдвол түүнийг нь хууль, хяналтын байгууллагынхан бус Засгийн газар шийдэх юм.

Энэ нь Засгийн газарт бүх эрх мэдлийг шилжүүлж, өөрсдийн дураар ажиллах боломжийг олгож байгаа бөгөөд аль нэг нам ялсан тохиолдолд өөрсдийн талын хүмүүсийн бүхий л асуудлыг дуугүй өнгөрөөх үүд хаалгыг нээж байна. Энэ нь эрх баригчдад эдийн засгийг самрахаас гадна хууль цаашлаад Монголын төрийг самрах боломжийг олгож байна.

Өөрсдийнх нь улс төрийн хүчин хүчтэй байсан цагт улс орны хууль дүрмээр яаж л бол яаж тоглож, хүссэн үедээ хэн дуртай нь хулгай хийдэг цөвүүн цаг ирэх нь.

Одоогийн АТГ болон хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа ямар ч байсан ахиц гаргаж, урагшилсаар байгаа. Тийм ч учраас төрийн дээр “сандайлсан хулгайчууд” хүссэнээрээ хулгай хийж чадахгүй яваа. Тиймээс адаг сүүлд нь ийм башир арга сэдэж асуудлыг өөрсдийнхөө талд эргүүлэхээр шийдсэн бололтой.

Ер нь энэ эрх баригчид хэдхэн жилийн хугацаатай олсон засаглах эрхийнхээ хугацаанд хэтэрхий эрх дураараа аашлаадбайна. Намынх нь нэр хүнд унаад ирэхээр пропорциональ хувилбараар сонгууль явуулахыг болиулах гэж оролддог. Одоо бүр хуулийг өөрсдийн талд эргүүлэхийн тулд хууль зөрчиж, өөрт ашигтайгаар засч байна. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр эрх баригчид жинхэнээсээ улаан цагаандаа гарч байх шиг байна шүү.

Хамгийн гол нь, хууль хяналтын бүх эрхийг түрүүлж гартаа авсан хүнд хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй бүх хэргийг устгах боломж бүрдэнэ. Энэ нь, өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан, түр зогсоосон болон нууцлагдсан олон ноцтой хэргүүд /түүний дотор С.Зоригийн хэрэг/ нэг хүний гарт төвлөрөх нь тэдгээр хэргүүдийг ганц толгой багцалж байгаад ул мөргүй устгах боломж бүрдэнээ гэсэн үг.

С.Зоригийн хэрэг илрэх дээрээ тулсан энэ үед ийм хууль баталж, бүх баримт, нотолгоог нэг хүний гарт төвлөрүүлэх гэж байгаа нь ингэж л хардахад хүргэж байна даа.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.