Өчигдөр Н.Энхбаяр тэргүүтэй МАХН сонгуульд дангаараа оролцох болсон талаараа зарлах үеэр тус намаас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа албан ёсоор гарахаа мэдэгдлээ. Сүүлийн жилүүдэд МАХН-ыг хагалан бутаргах үйл ажиллагааг МАН-аас эрчимтэй хийсээр байна. Өнгөрсөн сарын сүүлээр МАН, МАХН-тай нэгдэхээр харилцан тохиролцсон байсан боловч МАН тохиролцсондоо хүрээгүйн улмаас зогссон.
МАХН-ыг байхгүй болгох гэсэн МАН-ын төлөвлөгөө бүтэлгүйтсэн тул одоо намын гишүүдийг нь урвуулж хагалан бутаргах үйл ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна. Энэ нь МАХН-аас ямар нэг аргаар нөлөө бүхий олны танил, мөнгөтэй хүмүүсийг нь урвуулж, Н.Энхбаярыг ганцаардуулж хүчийг нь тарамдах гэсэн МАН-ын бас нэг төлөвлөгөө.
Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяр зүгээр хараад суухгүй нь тодорхой. Ерөнхийлөгчөөр хүртэл сонгогдож байсан туршлагатай улс төрч МАН-ын эсрэг зогсох нь мэдээж.
Мөн түүний талд АН-ын нөлөө бүхий фракц Алтангадасын толгойлогч Н.Алтанхуяг байхад ганцаардах гэдгийг мэдрэхгүй л болов уу.
МАН, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэтэрхий их басамжилж байж сонгуулиар өөрсдөө мад тавиулах бий дээ.
Д.Гэрэлхүү