Монголын кино урлагт шил шилээ даран шинэ уран бүтээлүүд төрсөөр байгаа. Нэгэн үе Монголын кино урлаг уналтанд ороод буй талаар хүн бүр ярьж байсан юм. Тэгвэл сүүлийн жилүүдэд үзэгчдийг баясгаж сэтгэл огшоосон олон гайхалтай уран бүтээлүүд төрөн гарч байна.
Тэдний нэг болох СУИС-ын нэгэн үеийн нэг ангийн төгсөгчид нэгдэн “6 дахь хүсэл” нэртэй шинэхэн уран бүтээлийнхээ нээлтийг хийхэд бэлэн болоод байгаа юм. “Найзууд” театрын дэлгэцийн хоёр дахь бүтээл болох тус киноны ерөнхий найруулагчаар Б.Тулгаа ажилласан бол дүрүүдэд МУСТА Ц.Төмөрхуяг, МУСТА Б.Ганхүү, МУСТА Э.Мөнхтөр, МУСТА Г.Отгонцэцэг,Б.Уянга, Ц.Энхтайван, Д.Мөнх-Од, Ш.Пүрэвсүрэн зэрэг өнөө үеийн чадварлаг жүжигчид тогложээ.
Энэхүү кинонд багын зургаан найзын нөхөрлөлийн үнэ цэнэ, хайр дурлалын тухай өгүүлэх юм байна. Тус тусын амьдралаа хөөж, өөр ажил мэргэжил, өөр үзэл бодолтой болсон найзууд олон жилийн дараа эргэн уулзах ба амьдрал нь хоногоор хэмжигдэх болсон нэгэн найзынхаа хүсэлтээр тэд хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлцгээнэ. Харин тэдний 6 дахь хүсэл юу байх бол гэдгийг 5 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийх тус киноноос үзээрэй.