Өнөөдөр ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр ярихдаа, “Сонгууль ойртож буйтай холбоотой СЕХ, Нам эвслүүд, иргэдээс гомдол ихээр ирж байна. Тухайлбал бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглосон заалт Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд бий. “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж Сонгуулийн тухай хуулийн 70.7-д заасан байдаг. Энэ заалтыг 6 байгууллага зөрчсөн бөгөөд бид сануулга хүргүүлээд байна. Цаашид дээрх заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг нь 6 cap хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэхээр хуульчилсныг ШӨХТГ мөрдөж ажиллана.
Бензиний үнэ 10-260 төгрөгөөр буурсан гэв
Шатахууны хилийн үнэ өсөөд байгаа ч ам.долларын ханш буурсанаас үнэ эерэгээр нөлөөлж байгааг эдийн засагчид хэлж байна. Тэгвэл ШӨХТГ-аас улсын хэмжээнд шатахууны үнэ хэр буурсан талаар судалгаа хийснээ танилцууллаа. Тус газраас өнгөрсөн гуравдугаар сард бензиний үнэ буурах боломжтой талаар мэдээлсэн. Үүний дараа тэд судалгаа хийжээ. Эл судалгаагаар орон нутагт бензиний үнэ 10-260 төгрөгөөр буурсан байна. Харин Улаанбаатар хотын хувьд 160 төгрөгөөр, Говь-Алтай аймагт Дизель түлшний үнэ 260 төгрөгөөр тус тус буурчээ.
Эрээнээс худалдан авалт хийгээд хохирсон иргэд ШӨХТГ-т хандана
ШӨХТГ-ын байцаагчид Чойр, Сайншанд, Замын үүд, БНХАУ-ын Эрээн хотод ажиллаад иржээ. Эрээн хотод Бат зүү компанид үйлдвэрлэв хэмээх хүүхдийн дүрэмт хувцсыг 8 юаниар борлуулж байсныг тогтоон хариуцлага тооцсон байна. Монгол Улсын иргэн Эрээнд худалдан авалт хийхэд бараа нь дутах, чанарын шаардлага хангахгүй асуудал маш их гардаг учраас Хятадын төрийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд Эрээн хотод Монголын самбар байршуулах юм байна. Түүнчлэн Эрээнээс худалдан авалт хийгээд хохирсон иргэд ШӨХТГ-т хандаж, хохирлоо барагдуулах боломжтойг албаныхан хэллээ.
Б.Заяa