УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө хуралдах байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар үдээс хойш
цаг сунган хуралдлаа. УИХ-ын дарга З.Энхболд “Хэлэлцэх асуудал хугацаандаа амжихгүй байна” гэх шалтгаанаар өнгөрсөн лхагва гарагт чуулганыг ээлжит бусаар хуралдуулсан. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааны шийдвэрийг эсэргүүцэж, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Хэдийгээр УИХ-ын дарга “Хэлэлцэх асуудал хугацаандаа амжихгүй байна. Тав хоногийн завсарлага өгөх боломжгүй. Бүлгээ хуралдуулж, асуудлыг шийдээд хурдан орж ир” гэх даалгавар өгсөн ч өчигдөр “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэсэнгүй, Цэцийн асуудлаарх завсарлагаа үргэлжлүүлэв.
Иймээс УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг гишүүд хэлэлцэж чадсангүй. Улмаар 09:00 цагт чуулганы хуралдаан эхлэх байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс болж, ийнхүү үдээс хойш хуралдсан юм. Үдээс хойш гишүүд хэлэлцэх асуудлаа түргэвчилж, Хууль сахиулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбоотой бусад төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Ажлын хэсгээс оруулж ирсэн саналуудаар санал хураалт явууллаа. Дугаар шилжих мөчид гишүүд 70 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад байсан юм.
Гадагшаа олон нийтэд чиглэсэн арга хэмжээ авах журмыг энэ хуулиар Хууль зүйн сайд батлахаар болсон. Үүнтэй холбогдуулан гишүүдийн зүгээс “Ийм журмыг сайд бус Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга хоёр батлаад явчихаж болдоггүй юм уу. Тэгэхгүй бол сайдын баталсан журмаар нохой хүн урсан гээд юм болбол яах юм бэ” гэх саналыг хэлж байсан ч Ажлын хэсгээс өгч буй тайлбараар гадагш чиглэсэн журмыг батлах эрхийг хэрэгжүүлэгч субьектэд өгөх нь оновчгүй гэв. Харин хяналт тавих, эргээд УИХ-д тайлбар мэдээлэл өгөх боломжтой хүнд өгөх нь оновчтой гэх тайлбарыг өгсөн юм. Үүгээр хөөхөөр Засгийн газрын гишүүн нь хамгийн боломжтой хувилбар болж буй учраас энэхүү заалтаар үлдээх нь зөв хэмээн үзэж, дээрх санал гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээлээ.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 09:00 цагт эхэлнэ. Гэсэн ч дахин ирц бүрдэхгүй байх магадлалтай юм. Учир нь, хуулийн дагуу УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоног завсарлага авах эрхтэй. Хэдийгээр УИХ-ын дарга тав хоногийн завсарлага өгөх боломжгүй хэмээн тайлбарласан ч тэд өнөөг хэр нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр байр сууриа нэгтгээгүй байгаа болохоор ирэх долоо хоногт асуудлыг хэлэлцэж, нэг тийш болгох нь тодорхой юм. Энэ мэтчилэн аар саархан зүйл дээр намчирхаж, төрийн ажил гацаанд ороод байна.
Эх сурвалж: