Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дэх 26 байршилд /аманд/ зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн өмчлөлөөр нийт 18 216 нэгж талбарыг өмчлүүлэх юм. Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгнө. Хүсэлт гаргах иргэн нь www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн газраа өмчлөх өргөдөлөө гаргах бөгөөд системд иргэд өөрийн мэдээлэл болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой, өмчлөгдөх боломжгүй, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт хүлээн авна. Тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.