Долоо хоногийн эхний өдрөөс л улс төрийн намууд сонгуульд хэрхэн оролцох болоод бага хурлаар хэлэлцэх асуудлууд нь олны анхаарлын төвд байлаа. МАН-ын бага хурал, АН-ын ҮЗХ-ны хурлаас гадна УИХ-ын гишүүн Г.Уянга шинэ байгуулсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намынхаа анхны Их хурлыг хийв. МАН, АН-ынхан ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө тус тусын хурлаараа хэлэлцэхээр байсан. Гэхдээ МАН-ын бага хурлаар МАХН-тай нэгдэх үү, үгүй юу гэх асуудал хамгийн ихээр яригдаж олны анхаарал татсан.
Өнгөрсөн хугацаанд МАН болон МАХН-ынхан эвсэх, хамтрах талаар хамтарсан ажлын хэсэг байгуулж ажилсан. Тэгвэл бага хурлын өмнө ажлын хэсгээс саналаа боловсруулж, бэлэн болгосон. Ингэхдээ УИХ-ын 76 гишүүний мандатаа 51:25-аар хуваарилахаар болжээ. Гэвч уг саналыг МАН-ын бага хурлын гишүүд эрс эсэргүүцэж, хүлээж авсан байна. Ажлын хэсгийн саналыг бага хурлаар дэмжсэн тохиолдолд МАН, МАХН эвслийн гэрээ байгуулахаар байсан. Харин МАН-ынхан “Урвасан урваачидтай эргэж эвсэх буюу нэгдэхгүй. Ялангуяа ийм өндөр квоттойгоор эвсэх тухай асуудал хэрхэвч байхгүй” гэжээ.
Тэгвэл АН-ын ҮЗХ-ны хурлаар эв нэгдлийн асуудлаа хэлэлцэх үү гэх хүлээлт байсан. Орой 19:00 цагаас ҮЗХ-ны хурал 60 гаруй хувийн ирцтэй хуралдсан. Мөн ҮЗХ-ны хурлын өмнө АН-ын гишүүдийн төлөөлөл “Манай намд хагарал, тэмцлийн асуудал байхгүй. Тийм юм шиг харагдуулахыг хичээдэг хүмүүс олон бий” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Болд, Д.Ганхуяг, АН-ын генсек Л.Эрхэмбаяр нар ийн байр сууриа тодорхой хэлсэн юм.
Гэхдээ ҮЗХ-ны хуралд УИХ-ын гишүүн Х.Баттулга хүрэлцэн ирсэнгүй. Түүний хувьд өчигдөр орой “Намаас гарах мэдэгдлээ хийнэ” гэх мессеж байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Х.Баттулга АН-аас гарч, шинээр байгуулагдсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элсэх тухай мэдээлэл улс төрийн ертөнцөд байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Уянга шинэ намынхаа анхны их хурал дээр “Х.Баттулга гишүүнийг хоёр алгаа тосон угтаж авах болно” хэмээн мэдэгдээд байв. Нөгөөтэйгүүр Г.Уянга гишүүний шинэ намын хуралд жүдогийн тамирчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн нь уг хардлагыг нэмэгдүүлж байлаа. Гэхдээ тийм зүйл болсонгүй.
Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын Их хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон. Уг хурлыг нээж, УИХ-ын гишүүн Г.Уянга улс төрийн илтгэл тавьсан. Мөн хуралд оролцогсод Монголын улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн, Монголын тусгаар тогтнолын асуудлыг нухацтай ярьж, хамгаалж авч үлдэх цаг болсон гэдгийг тунхаглаж байсан.
Гэсэн ч Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам Монголын ногоон намтай эвсэж сонгуульд оролцохоор өчигдөр хамтарсан мөрийн хөтөлбөрөө өгсөн. Энэ оны сонгуульд зөвхөн энэ хоёр нам эвсэж, бусад нам дангаараа оролцох нь тодорхой болоод байна.
Энэ долоо хоногоор улс төрийн намууд сонгуульд хэрхэн, яаж, ямар мөрийн хөтөлбөртэйгөөр орох асуудал үндсэндээ цэгцэрлээ гэж хэлж болно.
О.Заяа