-Нийт худалдаачдын 60-70 хувь нь өндөр хүүтэй мөнгөний дарамтад орчихсон байна-
Иргэн та нэг кг алим худалдан авчихаад, худалдагчдаа эргүүлээд нэг ширхэг алимаа буцааж өгье гэж бодлоо. Энэ бол цэвэр луйвар юм. Үүнтэй адилхан утга бүхий луйварын хэрэг газар авчээ.
Өнөөдөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Хурлаар мөнгө хүүлэгчдийн дарамт шахалт, хоногийн зээлийн хүү, худалдаачдад тулгамдаж байгаа асуудлаар ярьсан бөгөөд ирэх даваа гаригт “Хоногийн зээл ба худалдаачдын өмнө тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэгийг хууль, тагнуулын байгууллага, банк, банк бус санхүүгийн байгууллагатай, мөн худалдаачид, захуудын захиргаануудтай, ШӨХТГ-тай хамтран СЕХ-ны дугуй зааланд хэлэлцүүлэг хийх болсон талаараа дуулгав. Хэлэлцүүлэгээрээ худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хөндөж тавих гэж байгаагаараа ихээхэн онцлогтой гэнэ.
Тус ТББ-аас өнгөрсөн 2013 оноос эхлэн хоногийн зээлийн талаар судалгаа хийжээ.
Тухайлбал, 200 мянга гаруй худалдаа эрхлэгчдийн дунд гүн хямрал үүсчээ. Дээрээс нь хоногийн зээл нэртэй луйварт дарлуулж байна. Энэ луйвар гаднаас орж ирсэн гэнэ. Энэ луйвар маш аюултай нөхцөл байдлыг үүсгэж буйд худалдаа эрхлэгчид айдас хүйдэстэй байгаа юм. Тиймээс эдгээр иргэдийн эрхийг хамгаалах холбоо байгуулагдсан байгаа гэв.
Учир нь гэвэл сүүлийн үед галт зэвсэг ашиглаж, халдлага, хулгай дээрмийн хэрэг үйлдэх тохиолдол гарсаар байгаа. Ийм хэрэг гарах болсон шалтгаан нь өндөр хүүтэй зээлтэй холбоотой аж. Нийт худалдаачдын 50-60 хувь нь ийм төрлийн зээлтэй амьдарч байгаа бөгөөд зээлээ төлөхийн тулд мөнгө хүүлэгчдийн дарамтанд орчихоод байна.
Мөнгө хүүлэгчид өөрсдөө зохион байгууллалтай бөгөөд бүр тийм бүлэглэл үүсчихсэн байдаг гэнэ. 5-6 хүн бүлэглэж бусдад дамжуулах маягаар зээл олгодог. Өндөр хүүтэй мөнгөний дарамтад ороод шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, мөнгө хүүлэгчдийн дарамтад ороод амьдрах сонирхолгүй болсон иргэд ч цөөнгүй байна. Тэд өдөр болгон наймаа хийдэг, гэхдээ мөнгө хүүлэгчдэд хүү төлөх гэж амьдарч, бүр гэрийнх нь боол, босгоных нь шороо болсон иргэд ч байгаа гэдгийг дээрх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт онцлон хэлсэн юм. Түүнчлэн хийсэн судалгааныхаа тайланг хүний эрхийг хангах чиг үүрэгтэй холбогдох газруудад хүргүүлсэн байгаагаа хэлэв.
Мөнгө хүүлэгчид мөнгөө болон зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа иргэдийг элдвээр хэлж, хараахаас гадна, гэр оронд нь очоод хаан мэт суучихдаг, гэртээ авчирч хоол ундаа хийлгэж, бүр заримдаа биед нь халдаж бах таваа ч хангадаг хүмүүс бий гэнэ. Уг нь худалдаачин хүн бусдаас мөнгө зээлж авах нь гэмт хэрэг биш юм байна аа. Иргэн хоорондын итгэлцлийн харилцаан дээр үүдсэн мөнгө зээлэлт юм байна. Нэг удаа мөнгө зээлж авсныхаа хариуд эргээд 15 төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна гэж үзэхээр. Хоногийн зээлийн хохирогч болсон олон худалдаачид “Иргэдийн шударга шүүх” ТББ-д ирж байна. Тэд “уйлсаар ирдэг, эсвэл яах вэ ямар гарц гаргалгаа байна. Өнөөдөр дарамтлаад алчих шахлаа” гэж зовлонгоо тоочиж, хамгаалалт гуйж ирдэг байна. Өнөөдрийн байдлаар ийм хоногийн зээлийн дарамтад орсон 100 гаруй хүн дээрх ТББ-д хандаж ирсэн байгаа ажээ.
Мөнгө хүүлэгчдийн дарамтнаас болж лангуун дээрээ амиа хорлосон охин ч байгаа гэнэ. Ихэнх худалдаачид нь эмэгтэйчүүд бөгөөд ихэнх нь гэр бүлээсээ салжээ. Аргагүй шүү дээ, учир нь ойлгогдохгүй хэсэг хүмүүс гэрт нь ирээд “Мөнгөө төл” гээд дарамтлахаар ямар ч хүн удаан тэсэхийн аргагүй байдалд хүрнэ биз дээ.
Мөнгө хүүлэгчид яаж дарамталдаг вэ?
–Зээл авсан иргэдийг буруутгаж “Наад хүмүүс чинь өөрөө тэнэг ийм өндөр хүүтэй зээл аваад эцэст нь хохирч байгаа бол хохь нь өөрсдөө авсан нь буруутай”, гэр нь орж ирчихээд “Охиныхоо биеийг үнэлүүлж мөнгө ол” гэж мөнгө хүүлэгчид ичих айх эмээх зүйлгүй, хэнэг ч үгүй хэлдэг гэнэ. За тэгээд элдвээр дуудаж “Луйварчин, гичий, янхан, мөнгөө төлж чадахгүй бол лангуугаа болон бараа бүтээгдэхүүнээ хураалга, өгч чадахгүй бол булааж авна шүү” хэмээн дарамталж, зарим тохиолдолд гарч хүрч танхайрдаг гэнэ.
Мөнгө хүүлэгчид мөнгө өгөхдөө худалдаачдад их найрсагаар хэлж, хүү нь бага, бага мөнгө зээлж авч болно гэж худлаа хэлж итгүүлж байгаад дараа нь их хэмжээний өрд оруулж, эд хөрөнгийг нь булааж дарамталдаг бүр нэг тийм жишиг тогтсон байна. Бага мөнгийг их болгож, эцэст нь гэрээ байгуулаад хуулийн байгууллагад очиж дарамтлах нь энүүхэнд гэнэ. Зээлийн хувьд 250 мянгаас эхэлсэн зээл эцэстээ 20-30 сая төгрөгт хүрч төлөгддөг байна. Нийт худалдаачдын хувьд зээлийн өрийн дарамтад ороод гарах гарцгүй болсон хүмүүсийн хувьд 20 дээш сая төгрөгийн өртэй, гар дээр нь эргэлдэж байгаа орлого ердөө сая төгрөг хүрэх үгүйтэй мөнгө. Үлгэн салган мөнгөө өгөөд явж байна, өмнөх өрөө төлж чадалгүй дараагийн зээлээ өгдөг.
Зээлийг нь судлаад үзэхээр их сонирхолтой. Маш ухаалгаар шийдэж гадаадаас оруулж ирсэн луйварын систем гэж хардаж болохоор. Энэ асуудал нийгэмд яагаад хурцаар тавигдах болов гэхээр, эдийн засаг хямарч муудаад, худалдан авагч нарын худалдан авах чадвар муудаж, монголчууд бүгд өр зээлтэй нийгэмд амьдарч байна. Энэ байдал худалдаа наймаа эрхлэгч нарын бизнесд шууд нөлөөлж, зээлсэн мөнгөний өрөө төлөх ямар ч чадваргүй болчихоод байгаа юм.
Өрнөөс гарахын тулд гэмт хэрэг хийж, өрнөөс гарахын тулд өөр хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж аваад эргээд өрийн дарамтад орж, хохирогч болоод байгаа нь харамсалтай юм.
Мөнгө хүүлдэг этгээдүүд хүнийг хайрлана, энэрнэ гэсэн ойлголт байдаггүй. Өр зээлтэй эмэгтэй нөхөр нь нас барчихаад , ажлаа хийж чадахгүй байхад “Энэ хүн худлаа хэлж байна. Нөхрийг чинь үзье” гээд гэрт нь очиж байх жишээний.
Нийт худалдаачдын 60-70 хувь нь өндөр хүүтэй мөнгөний дарамтад орж, юу ч хийхээс буцахгүй байдалд хүрчээ. Тэд нэг л өдөр буу зэвсэг барьж, бусдыг хорлож хохироох хэмжээний сэтгэхүйтэй болсон байна. Зарим нь галзуурч, зарим нэг нь бүр архинд орчихсон байдалтай байна. Хүнийг ийм хэмжээнд очтол дарамталж, сууж байх газаргүй болгоно гэдэг ямар аймшигтай юм бэ.
Томоохон захууд дээр мөнгө хүүлэгчид өдрийн зээлээ олгочихоод орой 17 цагаас хойш хар дэвтэрээ гаргаж ирж байгаад зээлдэгч нараас мөнгөө хураагаад явдаг гэнэ. Мөнгөө өгч чадахгүй нэгнийг нь шууд хорлож, бараа бүтээгдэхүүнийг нь сүйтгэх гээд байдаг аюултай гэнэ. Ийм төрлийн гэмт хэргээс болж эрүүгийн нөхцөл байдал хүндрэхийг ч үгүйсгэхгүй юм.
Мөнгө хүүлэгчид эхний өдөр 10 хүнд мөнгө зээллүүлээ гэж бодоход эхний өдрөө 500 мянга, хоёр дахь өдрөө 11 дэх хүндээ зээлүүлчихэж байгаа. Мөнгө хүүлэгчийн мөнгө байнга хөдөлж эргэлдэхээс хэрэглэж байгаад үр шимийг нь хүртэх гэсэн худалдаачдын мөнгө үржихгүй, өсөхгүй, ашиггүй байна. Мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар хоногийн зээл гэдэг нь наймаачин хүний эргэлтийн хөрөнгөд 50-60 хувийн хохирол учруулдаг юм байна гэсэн тооцоо гаргажээ.
Х.Бат-Ялалт: Худалдаачдаа судалж үзээгүй хууль гарсан
-Ирэх есдүгээр сараас эхлэн иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлүүлэхийг хуулиар хориглоно гэсэн байгаа?
-Бид нар нэгэндээ мөнгө зээлдэгийг буруутгахгүй. Хоногийн зээл гэдэг чинь луйвар байна гэдгийг онцлон хэлээд байна. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийг иргэнд зээлчихээд сарын хүү нь 100 мянга. Хүү гэдэг чинь мөнгөний үнэ. Монголбанкнаас гаргасан тогтоомж гэж бий. Сарын хугацаанд сая төгрөг хэрэглэснийхээ төлөө хүү төлнө. Сая төгрөгөө ашиглаж чадахгүй, хүү төлнө гэдэг хэцүү л дээ. Худалдаа наймаагаараа ашиг эргэлдүүлж чадахгүй, мөнгийг нь хүүгээр нугалж буцааж өгөөд байна. Сая төгрөг зээлдүүлсэн хэрнээ маргаашнаас эхлэн өдөр бүр 50 мянган төгрөг өгнө. Тэгэхээр нөгөө сая төгрөгийг чинь хэрэглэж чадахгүй явсаар байгаад сарын дараа 500 мянган төгрөг буцаагаад өгсөн байх жишээтэй. Өдөрт 100 мянгын орлоготой ажлаад түүнийхээ 50-ийг өгөөд байхаар юу болох вэ. Өдөр болгон мөнгөний дарамтад орно гэдгийг өөрийн биеэр л мэдэрч байж ойлгоно доо. Ирэх сарын 01-нээс эхлэн хэрэгжих хууль бол үнэндээ худалдаачдаа судалж үзээгүй хууль юм. Энэ хүмүүсээ судалгаа аваагүй хийсэн хууль.
-Худалдаа эрхлэгчид их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй зээлж авах шалтгаан нь юу байна вэ?
-Шалтгаан нь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой. Тэгээд дарамтлахаар эрээ цээргүй элдвээр хэлдэг, лангуун дээрх бараа таваарыг нь авч шиддэг. Доромжлол гэдэг хэцүү ш дээ. Мөнгө хүүлээд байгаа хүмүүс хүчтэй байна. Мөнгө хүүлэлтийн цаана мөнгө угаах гэмт хэрэг ч явагдаад байгаа. Хууль хяналтынхан ч холбогдсон байгаа шүү.
Хувиараа худалдаа эрхлэгч А “Би 26 жил тасралтгүй худалдаа эрхэлж байна. Банкнаас зээл авч байсан ч найдваргүй зээлдэгч болсон. Ийм хүнд үр хүүхдээр нь дамжуулаад ч зээл олгодоггүй юм билээ. Тиймээс бид нарт банк үйлчлэхгүй дээ. Төрөөс би ямар ч дэмжлэг авч үзээгүй. Бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд зайлшгүй эргэлттэй байхын тул ийм мөнгө хүүтэй авах шаардлага гараад байна. Тэгээд авсныхаа дараа мөнгө хүүлэгчдийн дарамтад орж, элдвээрээ хэлүүлж байсан. Том зээл аваад мөнгөө хүүтэй нь хамт төлчихөөд байхад л дарамтлаад хэцүү юм билээ. Хоногийн зээл гээд 98 сая төгрөгийн зээлд 130 мянган төгрөгийн хүү төлсөн хэрнээ шүүхээр заргалдаж орж байсан. Асуудалгүй мөнгийг нь өгчихөөд байхад “Луйварчин минь байраа өг” гэж дарамталж байх жишээтэй” гэв.
Эх сурвалж: Zaluu.com