МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол-Солонгосын хооронд жим гартал ирэн очин байгаа. Тэрбээр өнгөрсөн сарын сүүлийн өдөр гэнэт Солонгосыг зорьсон шигээ уржигдар шөнө гэнэт л ирсэн. Түүний эх орондоо ирэх болсон шалтгаан нь их энгийн.
Н.Энхбаяр өөрийнхөө амийг аврахын тулд М.Энхболд, З.Энхболд нараас “зуурч” байна. Тодруулбал МАХН-ыг МАН-тай эвсэн сонгуульд орох гэж байна хэмээн З.Энхболдыг шантаажилж байгаа хэрэг. Хэрвээ МАН-тай эвсүүлэхгүй байя гэвэл өөрийг нь гэм буруугүй болгох Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах гэсэн шаардлагыг Н.Энхбаярын зүгээс болзол тавиад байна.
Н.Энхбаярыг гэм буруугүй, уснаас хуурай гаргах тогтоолын төслийг Ц.Оюунбаатар оруулж ирсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудал дунд нууц асуудал хэмээн оруулж ирсэн байна лээ. Хамгийн аймшигтай нь УИХ-ын гишүүн Ч.Улаан /МАХН/ Ч.Хүрэлбаатар /МАН/ нар төрийн ордонд хоёр намын эвсэх талаар яриа хэлэлцээр хийж байх үед Ц.Оюунбаатар З.Энхболдтой уулзаж төслийг нь өргөн барьж байсан. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр З.Энхболдын хоолойд “хутга” тулгасан гэсэн үг. Хэрвээ энэ тогтоолын төслийг АН-ынхан дэмжихгүй бол 2016 оны УИХ-ын сонгуулиар ялагдах болно. Харин МАН, МАХН-ыг эвсүүлэхгүй байж чадах юм бол АН-ынхан сонгуулиар цөөн хэдэн суудал өөртөө авах боломжтой болно.
Н.Энхбаяр З.Энхболдыг бойкотолж байгаа нь хоёр шалтгаантай. Эхнийх нь маргаашаас өмнө хоёр нам эвсэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэнэ. Учир нь дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 18.00 цагаас урьтаж нам, эвслийн бүлгүүд Улсын Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр үүнээс өмнө намайг чөлөөл үгүй бол сонгуулиар АН-ын ялах боломж эрс буурна гэдгээр З.Энхболдын эмзэг сэдвийг хөндөх.
Нөгөө талаас АТГ-аас Н.Энхбаярыг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Мөрдөн шалгагдаж байх хугацаанд гадаад руу “тэнээд” алга болсон. Энэ үед түүнийг батлан даасан З.Баянсэлэнгэ зэрэг гишүүд хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдгийн бодит жишээ болсон. Өөрөөр хэлбэл батлан даасан хүн нь алга болчихвол олж ир, үгүй бол алга болсон нөхрийг эрэн сурвалжилсан зардлыг батлан даагчдаас гаргадаг хуулийн зохицуулалттай болохоор З.Баянсэлэнгэ нарын гишүүд хүнд байдалд орсон. Нөгөө талаас Н.Энхбаярын хэрэгтэй холбоотойгоор түүний бие хамгаалагч байсан М.Мөнхөө АТГ-аас саатуулаад, 14 хоногийн дараа батлан даалтад гаргасан. Тэгэхээр мэдээлэл авахын тулд дамжуулагчгүй, холбоосгүйгээр “нүүр тулсан” яриа хийх шаардлагатай болсон. Хэргийнхээ талаар мэдээлэлтэй байж гэмээн тэрбээр уснаас хуурай гарах дараагийн төлөвлөгөөгөө боловсоруулах болно. Тиймээс эх орондоо ирж, З.Энхболдыг шантаажилж байгаа нь энэ.
Өөрийнхөө эрх ашгийн төлөө хэнийг ч яаж ч бойкотолж чаддаг хүн бол Н.Энхбаяр. Ойр тойрныхондоо халгаатай байж мэдэх энэ хүн уснаас хуурай гарахын төлөө З.Энхболд, М.Энхболд нарыг ашиглаж байна. Хэрвээ тэр уснаас хуурай гараад улс төрд УИХ-ын гишүүн, сайдын дүрээр эргэн ирвэл улс орны эрх ашиг, ирээдүй хэрхэх бол… Бодох л асуудал