Comment.mn

Агаарыг бохирдлыг бууруулахад Засгийн газар анхаарал тавихгүй байна

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд төлөвлөж буй арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг УИХ-ын хуралдаанаар танилцуулсан юм.

Цэвэр агаарын сангийн төсөв 2015 онд 16.16 тэрбумаар батлагдаж, эхний 10 сард 5.2 тэрбум төгрөг зарцуулахаас 4,8 тэрбумыг зарцуулжээ. Улаанбаатар хотын иргэдийн хувьд агаарын бохирдол хэр буурсныг бидны амьсгалж буй агаар хэлж өгдөг. Иймд Засгийн газраас цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаар болсон талаар хүргэж байна.

-Сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс түүхий нүүрсний үнэтэй уялдуулан 1 тонн түлшинд олгох татаасыг шийдвэрлэх,

-Гэр хорооллын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, өргөтгөх

-Төвлөрсөн дулаан хангамжийн одоогийн хүчин чадал 2,282 Гкал/ц байгаа ба 2020 онд дулааны оргил хэрэгцээ 2,420 Гкал/ц байхаар тооцоологдож байгаатай холбогдуулан 5 ДЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг нэн даруй эхлүүлэх.

-Нийтийн том оврын хуучин тээврийн хэрэгслүүдээс ялгарах агаар бохирдуулагч бодисыг бууруулах зорилгоор нарийн ширхэгт тоосонцрын шүүлтүүр суурилуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг санал болголоо. Түүнчлэн цаашид агаар бохирдуулагч бодисуудаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хамгийн их сөрөг нөлөөтэй бодисыг сонгон авч, түүний ялгарлыг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, агаарын бохирдол ихтэй аймгийн төвүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цахилгаан халаагуурыг түлхүү нэвтрүүлэх, хэрэглэхэд анхаарч Улаанбаатар хотын адил тарифын зохих хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байгааг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн С.Оюун Агаарын бохирдлыг бууруулах асуудалд Засгийн газар олигтой анхаарал тавихгүй байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй Үндэсний хорооны ажлын алба, Цэвэр агаар санг татан буулгасан, 2016 оны улсын төсөвт хөрөнгө мөнгө тусгаагүй. Ийм ухралт гарсанд анхаарч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас тодорхой хөтөлбөр гаргах шаардлагатай, түүнчлэн салбарын сайд нар хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд салбар салбартаа тодорхой ажил зохион байгуулж бага ч гэсэн ахиц гаргах хэрэгтэй байна. Түүнчлэн шөнийн тарифын хөнгөлөлтийг 50 хувь биш гол цэгт цахилгаан халаагуур хэрэглэж байгаа 4000 гаруй айл өрхөд 80-90 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байгааг хэллээ.

Т.Буянаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.