Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Болор, БНТУ-ын Засгийн газрыг төлөөлж Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Засгийн газар болон Турк Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гүүр болж байгаа бөгөөд цаашид Турк Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжигдэх төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн баримт бичиг болох юм.
Хэлэлцээрийн хүрээнд нийгэм, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил зэрэг салбаруудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтран ажиллахаар тохиролцоод байна.
Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/нь дэлхийн 50 гаруй оронд хөтөлбөр зохицуулалтын газраараа дамжуулан хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг бөгөөд Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газар нь 1994 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, боловсрол шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа зэрэг салбарт нийт 400 гаруй төсөл, хөтөлбөрийг 30 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлээд байгаа юм.