Comment.mn

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авахыг дэмжлээ

Ирвэс хамгаалах сан, Өмнөговь аймаг, ГурванТэс сумын удирдлага иргэд олон нийтийн зүгээс 2009 оноос хойш жил бүр Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад оруулах санаачлагыг гаргаж байсан нь өчигдөр биеллээ олохоор нэг алхам урагшлав.

 Биологич Т.Лхагвасүмбэрэл агсанд тохиолдсон харамсалтай явдлаас үүдэн олон нийт дэлхий дээрх цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай цор ганц бүс нутаг бол Тост-Тосонбумбын нурууг илүү сайн мэддэг болж тусгай хамгаалалтад авахыг шаардах болсон юм.

Гэвч Засгийн газраас “улсын нөөцөд бүртгэлээ” гэсэн зүйлийг гаргаж, иргэдэд Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан мэтээр ойлголт өгсөн.

Тост, Тосонбумын нурууг Засгийн газар “улсын нөөц”-д авсан тогтоол гаргасан  ч нөөцийн ангилалд авах нь байгаль хамгаалах дорвитой шийдвэр болж чадахгүйн дээр  тодорхой хугацааны дараа дахин уул уурхайд ашиглах боломжтой болох учир тусгай хамгаалалтад тэр дундаа байгалийн нөөц газрын ангилалд авах ёстой гэж үзсэний үндсэн дээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарын нэр бүхий долоон гишүүн тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн билээ. УИХ-ын Байгаль орчин, хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 100 хувь дэмжигдсэн уг тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын чуулган 91.9 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумын нурууны нийт газар нутгийн 60 гаруй хувьд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Өнөөдрийн байдлаар таван тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж, хайгуулын13, ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж  үйл ажиллагаа явуулж байна. Гурвантэс суманд ийнхүү эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэс амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах шаардлага зүй ёсоор тулгараад байсан юм. Тус бүс нутагт зөвшөөрөл авсан уул уурхайн лицензүүдийг цуцалснаар 30 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговор төлөх урьдчилсан тооцоо байна.

Гурвантэс суманд хайгуул, олборлолт явуулж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааны улмаас олон салаа зам үүсч

 “Орон нутгийн хамгаалалттай газар” гэсэн нэр төдий тодотголтой тус нутагт уул уурхайн үйл ажиллагаа цаашид үргэлжилсээр байвал байгалийн нөөц газар сүйтэхээс гадна  нэн ховор арван төрлийн ургамал устаж үгүй болох, 20 гаруй баянбүрд усаар тасалдаж ширгэх, малчид бэлчээргүй болох зэрэг олон сөрөг үр дагавар дагуулна гэж мэргэжилтнүүд үзжээ.   Гурвантэс суманд хайгуул, олборлолт явуулж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааны улмаас олон салаа зам үүсч, шороо тоос дэгдэн газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдсанаар байгаль орчинд бохирдол үүсгэх, зэрлэг ан амьтан дайжих үзэгдэл  нэмэгдсэн байна. Хайгуулын өрөм тавьж дээж авах зэргээр  ухсанаар тухайн цооногийн нүхэнд зэрлэг ан амьтан, мал орж унаж эрсдэх асуудлууд ихээхэн гардаг байна.

Түүнчлэн уул уурхайн хайгуул ,олборлолтоос шалтгаалан усны нөөц багасч, булаг, шанд ширгэж, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдан айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ  эрс багассан зэрэг олон сөрөг үр дагавар гарсан талаар УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.

Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Цоохор ирвэс  нь байгаль хамгааллын хувьд олон нийтийн анхаарлыг татсан, экосистемийн шүхэр зүйлийн нэг гэдгийг дэлхий дахинаар хүлээн зөвшөөрдөг учир  генийн санг хадгалах, хэвийн тогтвортой идээшин амьдрах нөхцөлийг хангах асуудал хурцаар тавигдаж байна.

Цоохор ирвэс  нь байгаль хамгааллын хувьд олон нийтийн анхаарлыг татсан, экосистемийн шүхэр зүйлийн нэг

 Түүнчлэн цоохор ирвэстэй идэш тэжээлийн шүтэлцээт шүхэр зүйл болох аргаль хонь, янгир ямаа зэрэг дэлхийд ховордсон төрөл зүйлүүдийг хамгаалах, нөхөн үржүүлэх, судлах, тогтвортой өсгөх, түүнийг дагасан экосистемийн голомт газруудыг онцгойлон хамгаалах шаардлагатай байгаа ажээ.

Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалтад авснаар тодорхой тооны бизнесүүдийн эрх ашиг хөндөгдөх ч дэлхийн ховор амьтдын бүртгэлд орсон цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа болон 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувуу, 10 зүйлийн ургамлыг хамгаалах нөхцөл бүрдэж ховор амьтдын амьдрах орчин, экологийн тэнцвэр хадгалагдан үлдэхээр барахгүй зарим нь нөхөн сэргээгдэх тул тэдгээр нэн ховор амьтад мөхөж сүйрэх аюулаас аврагдах юм.

Т.Буянаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.