Comment.mn

Улаан хувцастай залуус Монголоо аварч чадах уу

12919876_980388438720443_2279032370759954828_n

Монгол улс эдийн засгийн хямралд өртөж, бондын хүүгийн өрнөөс нэг хэсэгтээ гарч чадахгүй гэдгийг эдийн засагчид онцлон хэлж байна. Ийм цаг үед хүн бүрт эх оронч сэхээрэл юу юунаас чухал болоод байна. Хэрвээ одоо л бид улс орноо эдийн засгийн хямралаас гаргах үйл хэрэгт анхаарлаа хандуулахгүй юм бол наанадаж улс орны хөгжил дэвшил зогсонги байдалд орох, цаанадаж их хэмжээний өрийн дарамтаас болж газар нутгаа өрийн барьцаанд өгөх гэх зэрэг нөхцөл байдал үүсээд байна.

Ийм нөхцөлд Иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд эл асуудалд анхаарлаа хандуулан “Монголоо аврах хөдөлгөөн” зэргийг байгуулж байгаа нь зүйн хэрэгч тэдний үйл ажиллагааны зорилго тодорхой биш, дэвшүүлэн тавьж байгаа асуудлын шийдэл нь ойлгомжгүй байна.

Монголоо яаж аврах вэ? – “Монголоо аврая” гэж хий хоосон цээжээ дэлдэх нь ямар ч үр дүнг дагуулахгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Ийм нөхцөлд Монголоо аврана гэдгээ зөв тодорхойлох нь чухал юм. Магадгүй зарим хүмүүсийн хэлж байгаачлан сонгууль дөхөж байгаатай холбогдуулан улс төрийн зорилготой элдэв хөдөлгөөнүүд үүсэн байгуулагдаж байгааг ч үгүйсгэх аргагүй. Гэсэн хэдий ч тэдний хөндөж байгаа асуудал юу байгааг бид анзаарах ёстой. Монгол оронд “аврал” хэрэгтэй болсон энэ цаг үед улаантан байна уу, ногоонтон байна уу, хэн байх нь хамаа алга. Хамгийн гол иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлын шийдлийг олж томьёолох нь чухал юм.

Тусгаар улсын хувьд бид өөрийн гэсэн газар нутаг, хэл соёл, түүх уламжлал, хил хязгаар, ард олон, төр засгийн байгууллагатай. Тусгаар улсын хөгжлийн үзүүлэлт тухайн улсын эдийн засгийн байдал, ДБН-ийн өсөлттэй холбогддог. Товчхондоо эдийн засгийн үзүүлэлтүүд хөгжлийн хандлагыг тодорхойлго гэж ойлгож болох. Тэгвэл Монгол улсын эдийн засгийн холбогдох үзүүлэлтүүдийн хэмжээ ямар байна вэ гэдгээс асуудал яригдах учиртай.

12898295_979746615451292_5663780991119850192_o

Тэгэхлээр Монголоо аврана гэдэг бол улс орны эдийн засгийг аварна гэсэн үг. Эдийн засаг нь уруудан доройтож байгаа, улс төрчдийн шийдвэр нь эдийн засгийн өсөлтийг дэмжих биш уруудан доройтоход хүргэж байгаа бол энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Өнөөдөр Монгол улсын өрийн байдал ДНБ-ийхээ байж болох босгыг аль хэдийнэ даваад “талийлаа”. /Энд дарж Монгол улсын өрийн өсөлтийн функийг харна уу/ http://countrymeters.info/en/Mongolia/economy

Үүний нэгэн хамгийн ихээр санаа зовоосон, зүдэрч байгаа салбар бол Эрүүл мэндийн асуудал. Энэ салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг олох нь Монголоо аврах нэгэн шижим. Өнөөдөр мөнгөгүй бол монгол хүн өвчинд нэрвэгдэн үхэхэд бэлэн байгааг, бодлого дутсан салбар эрүүл мэндийн салбарт Улаан бурхан өвчин олон хүүхдийг амийг авахаар “отож” байгааг, хорт хавдрын өвчин монгол хүний амь насанд өдөр бүр заналхийлж байгааг шийдвэрлэх гарцыг олох нь Монголоо аврах боломж.

Монгол хүн өвөл нь хорт утаанд, хавар нь шороон шуурганд, зун нь ухсан нүхэнд, намар нь замын түгжрэлд өртөн, өдрөөс өдөрт нийгэмд бухимдал үүсэж байгааг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлын хариултыг олохын тулд Монголоо аврах залуус анхаарлаа хандуулж ажилаасай.

Бас нэг хэлэхээс өөр аргагүй асуудал бол Монголын дээд боловсролын диплом дэлхийд үнэлэгдэхгүй, хэлбэр хөөсөн боловсролын бодлого өөрчлөлт нь суралцагчид үр дүн өгөхгүй байгааг шийдэх боломжийг олж томьёолох нь Монголоо аврах гүүр.

Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч суурин соёл иргэншилтэй хэдэн мянган жилийн түүхтэй улс орнуудад очиж боловсрол эзэмшснийгээ хамгийн мундаг боловсролтой гэж бодон нүүдлийн соёл иргэншилтэй Азийн цээжин дэх Монгол улсаа барууны боловсролоор удирдах гээд мухардалд орж байгаа шийдвэр гаргагчдын үнэн төрхийг илчилж, цаашид морьтон монгол улсыг малаа мэддэг, нутгаа мэддэг, монголоо мэддэг, өвөг дээдсийн түүх, уламжлалаа дээдэлдэг Монгол хүнээр удирдуулах нөхцлийг бий болгохыг зорих нь Монголоо аврах нэгэн боломж.

Эцсийн эцэст Монголчууд бидэнд цорын ганц эрх ашиг л бий. Энэ бол Монголын Үндэсний эрх ашиг. Үндэсний эрх ашгаа хамгаалах үйл хэрэгт Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүн бүр нэгдэх ёстой. Монголоо аврая гэвэл Монголчууд бидний өмнө тулгамдсан олон асуудлын шийдэл, гарцыг олж, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, эрдэмтэн судлаачидтай хамтран, шинжлэх ухааны үндэслэлтэй ажил хийх нь чухал гэдгийг Монголоо аврагчдад сануулах хэрэгтэй.

А.Тамир

Ugluu-logo202

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.