Comment.mn

Монголын оймсчидын нам” байгуулья

Хоёр жилийн өмнө монголын төрийн гурван “өндөр сандал”-д сууж үзсэн эрхмийг хар үүрээр, оймсийг нь гозолзуулаад, албадан баривчилж байв. Барууны кинон дээрээс л харсан олон цагдаа, үймсэн олон. Энэ явдал булган сүүлтэй байж монголын төрд оймс, гуталны скандал эхэлсэн түүхтэй. Тэр ч бүү хэл оймсноос улстөрч төрж, төрийн шинэ нээлт болсон. Хүн бүр Н.Энхбаяр гэх нэр гарах бүрт бор оймсны дуулийг дурсдаг болсон.

Хэрэг намжив уу гэтэл Багануур дүүргийн удирдлагуудын хуралдааны үеэр нэг нөхөр засаг дарга руугаа гутлаа чулуудаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд хуурай өвсөнд тавьсан түймэр шиг дэгдсэн. Бичлэгэнд бууснаар бол мань эр олимпийн наадмын бөөрөнцөг шидэлтийн төрөлд чамгүй амжилт үзүүлэхээр далайцтай шидсэн юм билээ. Ингэж оймс, гуталны скандал дахин дэгдсэн.

Манайхан ёстой харанхуй бүдүүлэг хүмүүс юм байна гэхээр бас үгүй юм аа. Ийм зүйл гадныханд ч бас тохиолддог л юм байна. 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Багдадад хэвлэлийн хурал хийж байх үеэр нь орон нутгийн сэтгүүлч Мухтадхар ал-Зайди гэгч эр бүр хоёр гутлаа чулуудаж, сүйхээтэй Ерөнхийлөгч хоёр гуталнаас нь л яг л матрикс шиг бултсан байгаа юм.

Дан ганц АНУ-ын Ерөнхийлөгч ч биш нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон ч нэгэн цагт шаахайнаас бултаж явсан аж. Түүнчлэн Ираны Ерөнхийлөгч индэр дээр үг хэлж байх үедээ цалингаа жил орчим авч чадаагүйдээ уурссан эрийн гутланд оногдох шахсан байх юм. Тэгэхээр энэ гуталны дайн ердөөсөө шинэ зүйл биш байх нь.

Манайхан юм сурахдаа сайныг ч хэлэх үү. Үүнийг тэр дор нь сураад бүр төгс эзэмшчихэж. Өчигдөр л гэхэд Монголын эдийн засгийн форумын хаалт болж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж байх үед эдийн засагч Л.Наранбаатар түүн рүү “Эдийн засгийн алуурчин огцор. Чи монголын ард түмнийг ядууруулж өрөнд орсон биз дээ” гэж орилоод оймсоо чулуудчихсан. Харин мань дарга хээв нэг “Энд бас ийм өвчтэй хүмүүс орж ирдэг юм байхдаа. Манайд ийм мэдрэл юмнууд олон л доо” гэчихээд үгээ өндөрлөсөн.

Энэ явдал сошиалд ёстой бүүм болов. Уг нь өчигдөр ОУХМ Д.Отгондалай Рио 2016-г зорих эрхээ авчихаад байсан хэдий ч оймсны дууль түүнийг нам дарж орхилоо, харамсалтай. Түүнийг төрийн ордны хамгаалагчид яг л бор оймсны эзэн шиг газар дээр нь нам дараад, чирээд гаргаж орхисон. Энэ үеэр фэйсбүүк, твиттер дүүрэн “оймс, биш гутал, би харсан гутал байсан” гэх яриа өрнөх нь тэр.

Зарим нь бүр “Манай Наранбаатар ёстой олигарх зан гаргалаа. Мань мэт байсан бол гутлаа шидчихээд яаж хөл нүцгэн явах билээ дээ” “Цаадах чинь муу гуталтай ирсэн байгаа даа. Одоо эргэж олдохгүй шүү дээ” гэх мэтээр наргиа хийж байх юм. Гэтэл нөгөө талд бүр оймс хэрхэн бөөрөнхийлж амжилттай шидэх талаар хүртэл арга техник зааж байна.

Тодруулбал эдийн засагч Ч.Ганхуяг “Оймс хэрэглэх заавар: Гутлаа хөлөөрөө тайлна. Тэгээд үзгээ унагааж, авах нэрийдлээр тонгойн оймсоо сэм тайлж, эргүүлэн орооно. Бусдад аль болох анзаарагдахгүй байдлаар ажиллах ёстой. Улан тал гаднаа гарна. Ядахдаа нэг өдөр салхи үзүүлэлгүй өмссөн байх ёстой шүү. Тэгээд эдийн засгийн алуурчин, популист, худалч, урвагч нөхрийг болж өгвөл тайзан дээр байхад нь онилж байгаад шиднэ. Дагах үйл явдлыг тэр өдрийн тэнгэр мэднэ” гэж наргиад амжсан байна билээ.

Гэтэл “Л.Наранбаатар хийсэн үйлдлийнхээ төлөө 25 мянгаар торгуулжээ. Одоо НӨАТ-ын баримтаа авахаар хөөцөлдөж байгаа гэнэ” гэх шар мэдээ ч “давхиж явна”. Манайхан үнэхээр хошин шогийн мэдрэмж нь хэдэн хошин урлагийнхнаасаа давчихсан ард түмэн. Ядаж байхад улирал нь ингээд таарчихлаа гэдэг шиг инээдмийн баярын өдөр таарч золигтлоо.

Энэ мэт үйл явдал хөвөрч байтал “Энэ оймс чинь эхнээсээ л Янмалын маркетинг байсан. Экс Ерөнхийлөгч, одоо Наранбаатар бүгд Янмалын маркетинг. Тэгж ярьвал Г.Уянга гишүүн мартын наймнаар Янмалын оймсны цэцгийн баглааг рекламдсан, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч гэсэн Янмалыг магтаж байсан” гэх мэтээр амандаа орсноо л цуурцгааж байна.

Өнөөдрөөс эхлээд төрийн ордон руу оймстой хүмүүсийг оруулахгүй байгаа тухай “тагнууулын мэдээ” ч байна. Эрчүүд бол яах вэ тайлаад орчихно. Бүсгүйчүүд харин шилэн оймсоо тайлах гэж баларч байгаа байхдаа хөөрхийс. Саяхан СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар дүүргийнхээ сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд ухаалаг утас хэрэглүүлэхгүй байх тухай журам гаргасан байна билээ.

Одоо нэг мөсөн тэдний оймсны хэрэглээг ч гэсэн хорьчих. Тэгэхгүй бол цаадуул чинь багш руугаа оймс чулуудаж мэднэ. Аягүй бол зарим нь хөлдөө бактерлогийн зэвсэг тээгээд явж байгаа. Тийм хүнд зэвсэгт оногдсон багш лав амьд гарахгүй. Тэгж хүний хүүхдийг хэрэгт яах вэ. Оймсыг нь хоригло. Өөр яриа байхгүй дуусаа. За тэгээд оймс, гутлаа шидсэн ч бай Янмалын маркетинг бай ч дүүрч.

Ёстой улирал нь ингээд таарчихлаа. Эцэст нь гэж хэлэхэд энэ бүхнийг эмзэг битгий бодоорой, бүр лав гүн. Дөрвөн сарын нэгээн. Эсвэл “Монголын оймсчидын нам” байгуулья. Ийм нэр арай бүртгэлд байхгүй байлгүй.

Б.Санчир

Эх сурвалж: Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.