Comment.mn

Микро автовус үйлчилгээнээс хасагдах уу

olloo_mn_1426146014_470309d5-7f6f-4209-875b-f1a47be40ffd

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобуснуудыг ирэх сарын нэгнээс үйлчилгээнд явуулахгүй гэдэг асуудал үүсээд байгаа. Яагаад гэнэтхэн ийм асуудал үүсэх болов оо гэдэг бас сонирхолтой. Тэгвэл нийслэлийн иргэдэд 353 микро автобус үйлчилж байгаагаас 37 нь хүн тээврийн үйлчилгээ явуулах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, 353 микро автобус үйлчилгээнээс хасагдах юм байна. Дээрх микро автобуснууд 2003 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь дууссан тул ийн үйлчилгээнээс хасагдаж байгаа гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2015 онд ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасах журам гарсан. Тэгвэл зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог. Одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронуудын хамгийн сүүлийнхийг 2003 онд үйлдвэрлэсэн байдаг байна. Тиймээс энэ онд бүх бага оврын микроны ашиглалтын хугацаа дуусч байгаа аж.

Энэ асуудал өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх байсан ч микроны жолооч нар жагссанаар дөрөвдүгээр сарын нэгэн болж асуудал хойшилсон билээ. Тэгвэл энэ асуудлыг бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон болон нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүй алслагдсан дүүргүүд, мөн орой 21:00 цагаас хойш микро автобусаар үйлчлүүлдэг иргэд эсэргүүцэж, уг шийдвэрээ цуцлах, хойшлуулах хүсэлтийг харьяа байгууллагад гаргасан билээ. Гэсэн ч уг асуудал тодорхой шийдэлд хүрээгүй л байна.

Энэхүү асуудлыг маш зөвөөр, нааштайгаар хэн хэндээ хохирол алдагдалгүйгээр шийдэх ёстой. Эс тэгвээс, олон олон микроны жолооч нар орлогогүй ажилгүйчүүдийн эгнээнд орж, түүний цаана олон гэр бүл, хүмүүсийн амьдрал хэцүүднэ. Мөн нийтийн тээвэр зогссоны дараа микрогоор харидаг иргэдийн асуудал мөн хөндөгдөнө. Цаашлаад одоо нийслэлд явж буй нийтийн тээврийн автобуснууд хүрэлцдэггүй байхад микрог зогсоохоор яах вэ? Гэдэг, эсвэл автобусныхаа тоо, чиглэлийг нэмэгдүүлж, цагийг уртасгах гэх мэт олон асуудлыг хөндөж болохоор байна. Гэсэн хэдий ч чанарын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасах нь зүйн асуудал юм.

О.Түвшинзаяа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.