“УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс АТГ-т шилжүүлсэн” гэх мэдээлэл одоогоос хоёр жилийн өмнө гарч байв. Улмаар дээрх хоёр байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч мөрдөн байцаалт явуулж байна гэх мэдээлэл гарсан ч хэрэг тэгсхийгээд намжсан байдаг. АТГ-ын алба хаагчдын зүгээс “Ё.Отгонбаярт холбогдох хэрэг манай дээр ирээгүй” хэмээн тухайн үед мэдээлж байв. Гэвч төд удалгүй “2013 оны зургаадугаар сард үүсгэсэн уг хэргийг хохирогч байхгүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон” гэдгийг Ё.Отгонбаяр өөрөө чуулганы индэр дээрээс ярьсан байдаг.
Харин түүний эхнэр О.Эрдэнэсолонгод холбогдох хэргийн мөрөөр мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэх боловч зарим эх сурвалж мөн л түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр прокурор хэрэгсэхгүй болгосон гэдгийг хэлж байна.
Ё.Отгонбаярын хувьд хоёр жилийн өмнө Налайх дүүргийн харьяат “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд круйзер-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, хахууль авахыг завдсан хэрэгт буруутгагдсан талаар хэвлэлээр бичиж байв. Харин түүний эхнэр О.Эрдэнэсолонгыг дөрвөн банкин дахь өөрийн эзэмшлийн 26 дансаар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж, энэ талаар олон нийтэд мэдээлж байлаа.
Энэ мэт асуудлаас үүдэж түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг сөрөг хүчний зүгээс хөндөж байсан ч энэ нь мөн л амжилтыг олоогүй.
Хуулийн байгууллага шалгаж эхлэхдээ бөөн сүр дуулиан болдог ч хэргийн мөрдөн байцаалт, шийдвэрлэх шатанд чимээгүй өнгөрч болдогийн нэгэн тод жишээ Ё.Отгонбаяр болон түүний эхнэртэй холбоотой хэрэг болов уу гэх хардлага өдгөө олон нийтийн дунд байна.
Өөрөөр хэлбэл, хэргийг анх дэлгэгдэхэд нь хуулийн байгууллагын зүгээс шалгаж байна хэмээн олон нийтэд мэдээлж байсан ч хэрэг хэрхэн шийдэгдсэн гэдгийг тайлбарлаагүй үлдээсэн байдаг. Энэ нь хуулийн байгууллага хүн гүтгэдэг үү? аль эсхүл томчуудын хэргээр “улстөрийн наймаа” хийдэг үү гэсэн асуулт тавихад хүргэж байгаа юм.
Ё.Отгонбаярын эхнэрийн хэргийн тухайд Өршөөлийн хуульд хамрагдсан байж болох юм гэх таамаг байгаа ч Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлахдаа албан тушаал, авлига, их хэмжээний мөнгөний асуудалтай холбоотой хэргүүдэд огт нөлөөлөхгүй байхаар хуульд зүйлчилж өгсөн.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ё.Отгонбаяр олон дансныхаа учрыг “аятайхан” тайлбарлаж чадсан ч БНХАУ-ын “ZTE” компанитай ямар холбоотой байсан тухайд “мултарч чадаагүй” гэх.
Тус компанитай зөвхөн Ё.Отгонбаяр ч бус түүний фракцийнхан холбоотой байсныг мэдэх хүн цөөнгүй. Энэ талаар нотлох баримт ч нэгээр зогсохгүй. Гэтэл яагаад Ё.Отгонбаяр гэгч шалгагдахгүй байгаа нь сонин.
Мөн энэ бүхнээс гадна түүний гэр бүлийн эзэмшилд байдаг 20 гаруй дансаар олон тэрбум төгрөгний орлого, зарлага гаргасан тухай баримт, үүнтэй холбогдуулж хийж байсан хуулийн байгууллагын дуулиант мэдээлэл өдгөө ч хуучраагүй байгаа гэдгийг сануулах нь илүүц биз ээ.
Д.ДУУЛИМ
Эх сурвалж: Zuvsongolt.mn