Эдийн засагт бодит байдлыг хэдий чинээ нууж далдална тэр хэрээр хожим нийгэмд учруулах хор хөнөөл нь их байдаг. Гэхдээ энэ нь манай зарим улстөрчдөд хамаагүй бололтой. Ялангуяа сонгууль дөхсөн өнөө цагт энэ асуудал илүү тодорч байна. Монголд хямрал нүүрлээгүй, бүх зүйл болж байна, асуудалгүй сайн байна гэж хошгируулах эрх баригчид байхад үнэнд нийцээгүй мэдээлэл боловсруулан түгээж, тэдний худал үгийг зөвтгөх, хаацайлах Статистикийн төв газар зэрэг төрийн холбогдох байгууллагууд байгаа нь тун ч харамсалтай. Эдийн засгийн өсөлт хоёр хувь, ядуурал дөнгөж 21 хувь, инфляц хоёр хувь, ажилгүйдэл 8.3 хувь гэсэн тоонуудыг өмнөх жилүүдийн үзүүлэлтүүдтэй харьцуулхад үнэндээ хямраад байгаа юм харагдахгүй байна гэмээр. Гэхдээ энэ тун үнэмшилгүй тоонууд. Улс маань үндсэндээ граммын, ширхгийн, мөн бартерын эдийн засагт шилжээд байна шүү дээ. Сүүлийн 3-4 жилийн туршид ард түмний амьдралын төвшин хурдацтайгаар унасаар ирсэн. Гэвч өнгөрсөн жил гаруй хугацаанд жирийн иргэдийн амьжиргаа эрс муудсан түүх зөвхөн биднийх.1990 оны чөлөөт зах зээлийн шилжилтээс эхлээд бид ширхгийн эдийн засагт шилжсэн. Тамхи, бохь, чихэр гээд сав, боодлоороо зарагддаг эдийг ширхгээр нь худалдаалах болсон нь хэрэгцээ хэрэглээ гэхээсээ ядуурал, хоосрол, иргэдийн худалдан авах чадвар муудсанаас үүдэлтэй үзэгдэл гэж болно. Бага, дунд орлоготой иргэдийн хэрэглээ ширхгийн эдийн засагт эргэлддэг. Тэгвэл өнөөдөр граммын эдийн засаг хэмээх ойлголт шинээр бий боллоо.
ГРАММЫН ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ЮУ ВЭ?
Туйлдаа хүртэл ядуурсан иргэд амь зогоохын тулд мах, гурил, тос, будаа гээд суурь хэрэгцээний хүнсээ килограммаар биш граммаар хэмжигдэх порцоор худалдан авах болсныг хэлнэ. Мэдээж худалдан авч чадах нэгэнд энэ хамаатай. Цаана нь граммаар ч авч чадахгүй зүгээр л хаягдлаар хооллож байгаа иргэд цөөнгүй бий. Сургаар биш нүдээр харснаа ярих нь илүү найдвартай. Би саяхан хотын захын хорооллууд болох Дэнжийн мянга, Баянхошуугаар явж иргэдтэй уулзаж, хэд хэдэн хүнсний дэлгүүрүүдээр орлоо. Граммын эдийн засгийн гашуун үнэнийг газар дээр нь үзлээ. Есийн тос, татсан мах хоёр хамгийн түгээмэл граммлагддаг бүтээгдэхүүн юм байна. Соц нийгмийн үед есөн төгрөгөөр зарагддаг байснаас есийн тос гэж нэрлэгдэх болсон нэг литрийн савалгаатай ургамлын тосны үнэ аль хэдийн дунджаар 660 дахин өсч 5-6 мянга болсон аж. Түүнийг хоёр, гурван зуун граммаар нь хуваан жижиг шилэнд савлан зарж байна. Татсан махыг 500 граммаар нь жижиг гялгар уутанд боож 1500 төгрөгөөр зарна. Голдуу малын толгой болоод дайвар бүтээгдэхүүнээс гаргаж авсан мах гэх аж. Мах кг нь 6000 хүрээд байгааг бодоход хямдхан, гэхдээ л юуны мах юм болдоо гэж эргэлзэх хүмүүс байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Граммлаж болохгүй зүйлсийг тэнд ширхэглэж, эсвэл хувааж, таллаж зарна. Төмс, лууван тансаг хэрэглээнд тооцогддог ба килограммаар биш ганц, хоёр ширхгээр зарагдана. Ганц бөндгөр байцааг дундуур нь хувааж байгаад зарвал арай дээр борлогдоно хэмээн худалдагч хэлж байх юм. Гэхдээ дэлгүүрийн эзэд талхыг бол хувааж зарах дургүй, аргагүй эрхэнд худалдан авагчдынхаа хүсэлтээр ганц бөндгөр талхыг (хамгийн хямд талх 950) хуваагаад 475 төгрөгөөр борлуулна. Учир нь бүтэн талх худалдан авч чадахгүй өрх олон байдгаас тэр. Зургаан нэрийн барааны дэлгүүрт хамгийн сайн борлогдддог зүйлс нь 950-ын “хувийн үйлдвэрийн” талх, 500 төгрөгийн Хятад бэлэн гоймон, мөн граммлаж зарагддаг мах, гурил, будаа ажээ. Харин найман нэрийн барааны дэлгүүрийн хувьд талх, гоймонгоос гадна хямдхан архи орлогын гол эх үүсвэр болдог гэнэ. Гэхдээ захын хорооллын томоохон дэлгүүрүүд түлээ, нүүрс давхар борлуулдаг бөгөөд хүйтний улиралд түлээ нүүрс хамгийн өндөр борлуулалттай, нийт орлогын 40 хувь байдаг бол талх, гоймон бас 40 хувь, үлдсэн 20 орчим хувийг архины борлуулалт эзэлдэг байна…
Хүнсээ граммаар нь ч авах чадалгүй иргэд маш их байгааг би дурдсан. Хамгийн багадаа 1.3 сая хүнтэй гэгдэх Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь амьдардаг гэр хороололд байдал ийм л байна. Хүн шиг амьдруулна, улс шиг хөгжүүлнэ гэж эрх мэдэлд хүрчихээд Монголын ард түмнийг нохой шиг амьдруулж, колони улс шиг бусдын эрхшээлд байлгаж байгаа нь ямар гээчийн харь, хар сэтгэлгээ вэ. Өнгөрсөн жилтэй харьцуулбал борлуулалтын орлого 50-60 хувь буурсан аж. Борлуулалт он гараад эрс муудсаныг өдөртөө 300 мянгын борлуулалттай дэлгүүр арай ядан 100-120 мянган төгрөгийн орлоготой өнжиж буй. Өөрөөр хэлбэл, өдөрт 50 ширхэг талх зарж байсан бол өдгөө ердөө 8-10 ширхгийг л зардаг байна. Он гараад барааныхаа үнийг 20-40 хувиар өсгөх зайлшгүй шаардлага гарсан нь НӨАТ-ын шинэ хуультай холбоотой гэнэ. Дүүргийн татварын алба, хорооны захиргаанаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг торгоно хэмээн дарамталж 1.5-2 сая хүртэлх төгрөгийн үнэтэй бар кодтой тасалбар хэвлэх кассын машиныг худалдан авахыг шаардсаар. 500 мянгаас нэг сая төгрөгөөр торгуулахаас айж, шахаанд орсон тэд өндөр үнэтэй машиныг худалдаж авна. Харамсалтай нь түүнийгээ ашиглах боломжгүй. Яагаад гэвэл, гэр хороололд интернетийн хурд муугаас гадна зарим газар холболт байхгүй аж. Хачирхалтай нь хоёр саяар ав гэж дарамтлаж байснаа сүүлдээ 30-40 мянга болтлоо буурсан гэнэ. Гэвч үнэгүй байсан ч авахыг хүсэхгүй гэдгээ бизнес эрхлэгчид илэрхийлж байв.
Хүмүүсээр НӨАТ-ын талон нэхүүлэн, жижиг худалдаа эрхлэгчдийг кассын машин худалдаж авах шахалт үзүүлэх арга нь гэр хороололд төдий л сайн үйлчлэхгүй байгаа аж. Учир нь бар код бүхий баримт нэхсэнээр барааны үнийг өсгөнө гэдгийг хүмүүс ойлгосон. Нөгөөтэйгүүр, тэрхүү тасалбараар сугалаанд оролцоно хэмээсэн ч өндөр зардлаар хэдхэн төгрөг буцааж авах нь явдал, чирэгдлийн нэмэр гэх болжээ. Тиймээс эрх баригчдын хувьд бизнесийнхнийг худалдан авагч, үйлчлүүлэгчдийн хөшүүргээр биш харин шууд төрийн хүчээр, торгуулиар дарамтлах нь илүү үр дүнтэй байгаа бололтой.
БАРТЕР БА БАРЬЦАА
Барааны үнэ өсч иргэдийн худалдан авах чадвар буурсан нь бэлэн мөнгөний хомсдол бий болсонтой холбоотой. Тиймээс хүмүүсийн дунд арилжааны арга ядсан хэлбэр олширсон нь бартерын худалдаа, барьцааны наймаа юм. Бартер гэдэг нь мөнгө хэрэглэхгүйгээр бараа үйлчилгээг хоорондоо солилцох замаар хэрэгтэй зүйлсээ олж авах. Өдгөө зарим нэг худалдаа, үйлчилгээ, барилгын салбарт бизнес эрхлэгчид ажлын хөлсөө бэлэн хувцас, даршилсан ногоо, түлээ нүүрс, барилгын материал зэрэг эд зүйлсээр төлөх нь олширчээ. Барьцаа гэдэг нь гар утас, иргэний үнэмлэх, эд зүйлсээ барьцаанд тавьж хүнсээ цуглуулна гэсэн үг. Нэг төрлийн зээл бөгөөд зээлийн эдийн засгийн нэг хэлбэр гэж болно. Энэ нь манайд шинэ зүйл биш. Тухайлбал, гар утсыг дээд тал нь 18 мянган төгрөгийн өртөг бүхий хүнсний бүтээгдэхүүний барьцаанд тавьдаг байна. Харин иргэний үнэмлэх 10 мянгаас хэтрэхгүй гэнэ. Барьцаанд байгаа зүйлсээ буцааж авахгүй байх магадлал өндөр учраас дэлгүүрүүд эд зүйлсийг барьцаалах дуртай биш. Гэхдээ тартагтаа тулсан хүмүүст тус болохоос өөр аргагүй гэж байв. Эдийн засаг бүхэлдээ өрийн сүлжээнд торлогдож бэлэн мөнгөний хомсдол үүссэнээр бартерын наймаа цэцэглэж байгаа нь хямрал нэлээн хурцдах шинжтэй байгаагийн тод илрэл юм.
Дэлхийн бусад орнуудад ч ховорхон байдаг ширхгийн, зээлийн эдийн засаг нь манайд байсаар ирсэн. Гэтэл дээр нь граммын эдийн засагт шилжиж байна. Дайн, тулаанд нэрвэгдсэн улсад л граммын эдийн засаг байдаг байх, өөр хаана байдгийг би мэдэхгүй. Бартерын наймаа, хэрээс хэтэрсэн гадаад өр, статистикийн худал тоо баримтууд бүгд эдийн засгийн их хямрал, гамшгийн өмнөх шинж тэмдгүүд. Граммд шилжсэн эдийн засаг гамшиг нүүрлээд байгааг бидэнд сануулж байна!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин