Ердөө долоохон хоногийн өмнө УИХ-ын дарга Архангай аймагт ажиллахдаа дугуй унаж, зориулалтын замаар явж байгааг хараад хэрэндээ л атаархав. УИХ-ын даргад биш шүү, Улаанбаатар хотод байхгүй унадаг дугуйн зам тэнд байгаа болохоор л. Архангай аймгийн удирдлагууд иргэддээ эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор дугуй унахыг уриалж, шинэ төлөвлөлтдөө дугуйн замыг төлөвлөсөн нь ийнхүү ажил хэрэг болсон нь тэр. Улаанбаатар хотод ийм төлөвлөгөө байхгүй биш байгаа. Хотын удирдлагууд ч унадаг дугуйн замын талаар ярьсан. Залуучуудын холбооноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” санаачилгыг гаргаж, хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулж байсан санагдана.
Тэр ч битгий хэл 2014 оноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж, зам барих ажлыг эхлүүлнэ гэж байсан. Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн 1,2,3 дугаар хороо, Баянгол дүүргийн 3,6 дугаар хорооны нутагт унадаг дугуйн зам тавихаар нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан гэж байлаа. Энэ юу ч биш, бүр “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд 2014-2016 оны буюу гурван жилийн хугацаанд 186.7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн зогсоол барьж, цаашдаа унадаг дугуйн хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, унадаг дугуйн зогсоол, үйлдвэр Монголд байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн талаар ч ярьж л байлаа. Энэ бүх ажил хаашаа орчихов оо.
Бүр нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгачихсан ажлыг ямар албан тушаалтан нь “цавччихсан” болоод өнөөдрийг хүртэл ганц ч км замгүй байна вэ. 2016 он гараад эхний улирал нь дуусч байна. Гэтэл Улаанбаатар хотынхон биднийг нэг их төлөвлөгөө ярьж, түүнийгээ мэдээлж байх зуур Архангай аймагт хийчихэж, тэр ажлыг чинь. Бүр төрийн өндөр дээд албан тушаалтнууд очоод, дугуй унаад давхиж явна. Мэдээж сайхан, таатай л байсан байж таараа. Тэр сайхан мэдрэмжийг Улаанбаатар хотын хүүхэд залуус эдэлмээр л байна шүү дээ.
Юу нь болохгүй байгаа юм бэ. Хөрөнгө мөнгийг шийдэж болно гээд байгаа. Зам тавих зай байхгүй биш байлгаж болно. Боломжтой газруудаар нь эхлээд дугуйн замаа тавьчихсан ч болно шүү дээ. Өнөөдөр нийтийн тээврийн хүрэлцээ муу гэдэг хэл амнаас салж чадахгүй л байна. Дээрээс нь замын түгжрэл, түүнийг дагасан уур бухимдал. Бухимдлаа дагасан өвчлөл, таргалалт. Гэх мэтээр уялдаа холбоотой олон муу муухай зүйл Улаанбаатарт байна.
Тэгвэл унадаг дугуйн замтай болчихвол хэдэн залуу машинаа гэрийнхээ гадаа орхих бол. Хэдэн оюутан дугуй унаад хичээлдээ явахыг бодоод үз дээ. Тэд автобусанд ад болж байхаар агаарт дугуй унаад сургууль руугаа түгжрэлгүй жирийлгэхийг хүснэ биз дээ. Монголд арваннэгээс хоёрдугаар cap дуустал дөрөв, тавхан сарын хугацаанд л дугуй унаж болохгүй байх. Бусад цагт нь бол дугуй унаад яваад байж болно. Тэр утгаараа зам дээр чихэлдээд байгаа олон машины тоо буурах боломжтой. Нийтийн тээвэрт ч чихэлдэх зовлон багасна. Хүүхэд, залууст ч хэрэгтэй. Ядаж л таргалалттай тэмцэж байгаа залууст фитнесст явж мөнгө үрэх шаардлагагүй болно. Энэ мэтээр тоочоод байвал давуу тал их байна.
Өнөөдөр хүүхэд залуучууд талбай дээр, эсвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж л дугуй унаж байгаа шүү дээ. Өөрөөр Улаанбаатарт дугуйтай яваад байх боломж үнэхээр бага. Найдвартай, сайн дугуйтай, цөөн хүмүүс л машинтай шүргэлдэж, мөргөлдөх шахам дугуй унаж яваа байх. Энэ байдлыг арилгаж, дугуйн замтай больё л доо. Аймагт хийчихээд байгаа ажлыг улсын нийслэлдээ хийчихэж чадахгүй л байв гэж.
Н.Пунцагболд