Comment.mn

Элэгний B вирусын 220 мянган төгрөгийн эм 1200 боллоо

Ирэх сарын нэгнээс эхлэн элэгний В вирусын эсрэг үйлчилгээтэй 220 мянган төгрөгөөр худалдаалж байсан Тенофобир эм 1200 төгрөг болж хямдарчээ.

Өнгөрөгч баасан гарагт хуралдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар дээрх эмээс гадна Ламивудин, Телбивудин, Рибаварин, Интерферон гэсэн дөрвөн эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаасан байна. Эдгээр эм улс орон даяар 36 мянган төгрөгөөр зарагдах бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 34800 төгрөг төлөгдөнө. Үлдэгдэл мөнгийг иргэд өөрсдөө төлнө гэж өнөөдөр “Монголын элэгний эмч нарын нийгэмлэг”, “Нэг Монгол”, “Монголын элэгний эмч нарын нийгэмлэг”, “Элгээ хайрлая”, “Оном” сангийнхан мэдээллээ .

Эдгээр ТББ-ууд элэгний өвчнөөр шаналж буй олон мянган өвчтөнд туслах зорилготой “Элэг бүтэн Монгол” уулзалтыг өнгөрсөн 7 хоногт зохион байгуулахад иргэдийн зүгээс элэгний эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 хувь хөнгөлөх санаачилга гаргаж байсан нь ийн ажил хэрэг болсон аж.

Мөн тус уулзалтын хүрээнд Харвоны эмийг 80 хувь хөнгөлөх, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2016 оны зардлын төсөвт дээрх шаардлагатай уялдуулан 30 тэрбум төгрөгийг нэмж тусгах зэрэг санал гарсан байна. Одоогоор энэхүү саналаа Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлээд байгаа гэнэ.

“Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар “Оном сангийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл Элэг” хөтөлбөрийн хүрээнд “Элэг бүтэн Монгол” аяныг зарлаад байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд хепатит С вирусыг устгах, элэгний хавдар, хатуурлаар нас баралтыг 50 хувь бууруулах боломжтой. Тиймээс эрдэнэт хүний амь аврах, элэг бүтэн Монголыг бүтээх энэ үйлсэд олон арван байгууллага, аж ахуй нэгж, хувь хүн нэгдэнэ гэдэгт итгэж байна” гэв.

Аяны хүрээнд Монголынхоо банк санхүү, бизнесийн байгууллагуудад хандаж уриалга гаргасан байна. Үүний салхийг хагалж “Чингис хаан” банк 15 сая төгрөгийн хандив өргөөд байгаа аж.

Э.Бат-Уянга

Эх сурвалж: Монцамэагентлаг

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.