УИХ-ын ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийх үү гэдэг эргэлзээ төрүүлж байсан. Өмнөх ээлжит бус чуулганы нээлт гишүүдийн ирц бүрдээгүйгээс хоёронтаа хойшилсон. Ирцээ бүрдүүлж чадаагүй эрх баригчид чуулганы бус семинарын горимд шилжин үгээ хэлж байлаа. Эрх баригчид олонх бус олон суудалтай. Тиймээс ч бүрэн эрхээ хэрэгжүүлсэн цагаас эхлэн парламентад суудалтай намуудтай хамтрах санал хүргүүлж, Засгийн газрыг хамтарч байгуулсан. Нэгэнтээ Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн хүчнүүд ерөнхийдөө эрх баригдчын бодлогоор үйл ажиллагаагаа явуулна. Наанадаж л хуралдааны хэлэлцэх асуудалд эрх баригчдын талд байр сууриа илэрхийлдэг дэгтэй. Гэтэл эрх баригчидтай хамтарч Засаг барьж байгаа улс төрийн хүчнүүд өөрсдийнх нь эрх ашигт үл нийцвэл шантааж хийн, хоёр үзүүртэй зүү шиг л ажиллаж байгаа нь олны нүдэнд илхэн.
Тиймээс эрх баригчид ээлжит бус чуулганыг нээхээр ирцээ бүрдүүлж чадахгүй цаг алдаж, хүлээлт үүссэн. Энэ удаад ч ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гарсны дараагаар “Шударга ёс” эвслийн гишүүн О.Баасанхүү хуралдаан оролцохгүй байхыг бусаддаа уриалж байсан бол сөрөг хүчин МАН-ын бүлэг байдлыг ажих тактиктай байсан. Сөрөг хүчний тухайд эрх баригчид ирцээ бүрдүүлэн ээлжит бус чуулганы нээлтийг хийвэл хуралдаанд оролцоод явна гэдэг байр сууриа өмнө нь ч илэрхийлж байсан юм.
Энэ үед хуралдааны ирцийг бүрдүүлэхэд Засгийн газарт хамтарсан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн эрх баригчдын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах хэрэгтэй, уг нь. Харамсалтай нь тэд албан тушаал булаацалдсан эрх ашгаа өмнөө тавьж, эрх баригчидтай тохироо хийж хуралдаанд суудаг гэм биш зантай.
Эрүүл мэндийн салбар сайдгүйгээр таван сар явж байна. Сайдгүй байна гээд эрүүл мэндийн салбарын ажил хаяж, суулт зарлан улстөржөөгүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр тус тусын үүргээ гүйцэтгээд явж байна. Харин сайдгүй, салбарын бодлого алдагдаж доголдолд үүссэний улмаас элдэв халдвар өвчин газар авч, иргэд амь насаараа хохирсон нь үнэн. Улс төрийн барьцаанд орсон эрүүл мэндийн сайдын албан тушаалаас болж иргэд эрүүл мэнд хохирсоор байх уу. Цаашид энэ салбар сайдгүй хэр хугацаатай явах вэ? Хамтарсан Засгийн газарт ЭМС-ын сайдын квотыг өөртөө авсан “Шударга ёс” эвсэл дэх МАХН-ын сайдын суудлын төлөө шантаажаа хэр удаан үргэлжлүүлэх бол.
Гишүүн Г.Уянга, Л.Цог нар “Шударга ёс” эвслээс гарснаа мэдэгдсэний дараагаар МАХН, МҮАН-ын удирдлагууд өөрсдийнх нь квотыг хөндөж, сайд нарыг өөрчлөн сэлгээ хийвэл Засгийг унагахаа мэдэгдсэн мэдэгдсэн. Ер нь “Шударга ёс” эвслийн суурь ч ганхаж байгаа. Эдүгээ О.Баасанхүү гишүүн эвслээс гарахаа мэдэгдвэл “Шударга ёс” эвслийн бүлэг хууль эрхзүйн чадамжгүй болж задрах байтугай Засгийн газар огцорно. Үүнийг О.Баасанхүү өөрөө мэдэхийн дээдээр мэдэж, бас амбицалж байна лээ.
Ээлжит бус чуулганы нээлтийн энэ өдөр 10 гаруй гишүүн гадаад, дотоодод томилолттой, хоёр гишүүн өвчтэй байгаа аж. Гэвч АН-ын гишүүдээс бусад нь чуулганы танхимд орсонгүй. Тиймээс ээлжит бус чуулганы нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Эрх баригчидтай хамтрагчдын шантааж ирэх өдрүүдэд илүү илрэх бололтой. Энэ нь ирэх сонгуульд аль нэг намд олон суудал биш олонхийн эрх олгохыг сонгогч бидэнд ч бас давхар сануулж, анхааруулсан зүйл биз.
Н.Энхбат
Эх сурвалж: Shuud.mn