Comment.mn

НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт орвол олон хүн хоолтойгоо залгана

НӨАТ-ын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөсөө шүүмжлэл дагуулсан. Өдгөө жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дампуурлын ирмэгт аваачихаад байгаа гэхэд буруутахгүй. Сугалаатай баримт олгохгүй гээд байгаа юм биш татвараа төлөхгүй гэсэн асуудал бүүр ч биш.

Хуулийнх нь дагуу явах гэхээр манай улсын хөрсөн дээр дорвитой зөв талаасаа буухгүй хууль болсонд асуудлын гол байгаа юм. Бизнес эрхлэгчид цөхөрч буйгаа хэвлэлийнхэнээр дамжуулж төрийнхөнд дуу хоолойгоо хүргэсэн. Тэгвэл 1500 гаруй гомдол УИХ-ын гишүүдэд ирсэн байна. Тиймээс гишүүд НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж буйгаа дуулгалаа. Хуулийн нэмэлт өөрчлөлтөд:

Нэгдүгээрт, жижиг дунд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл явуулж буй иргэдийг дэмжих, үүсч буй хүндрэл, дарамтыг багасгах зорилгоор борлуулалтын орлого нь 100 сая төгрөгөөс бага хувь хүн, хуулийн этгээд 2019 он хүртэл тусгай зориулалт бүхий кассын машин, программ хангамж авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах зохицуулалтыг хуулийн 18 дугаар зүйлд 18.11 хэсгийг нэмж оруулах замаар шийдвэрлэх

Хоёрдугаарт, мал аж ахуй эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн өөрөө бэлтгэсэн ноос ноолуурыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэх нэмэлтийг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад оруулах

Гуравдугаарт, самнасан ноолуурын экспортын хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.21-т оруулах боломжтой гэж хууль санаачлагчид үзжээ.

Дөрөвдүгээрт, хуулийг батлагдсан өдрөөс нь эхэлж дагаж мөрдөхөөр тусгасан аж.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зохицуулалтын эргэлзээ үгүй болж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, малчид, үйлдвэрлэгчдийн орлого хумигдахгүй байх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.

НӨАТ-ын нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн Я.Содбаатар “НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр эдийн засагт өөрчлөлт гарч байгаа. Гэхдээ хууль хэрэгжих явцад ард иргэд ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдийн зүгээс нэлээд дарамт шахалт ирж байна гэх гомдол тасрахгүй байна. Тэд эдийн засаг “агшсан” энэ үед өр зээлээ төлж, бизнесийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэй байна гэж байгаа. Тиймээс маш олон байгууллага болон бизнес эрхлэгчдийн холбоодоос санал гаргаж байна. Тухайлбал, сумын төвд жижиг ТҮЦ ажиллуулж байгаа иргэнээс НӨАТ-ын баримт авна гэдэг. Түүнийг олгодог кассын машин, программ хангамж авъя гэхээр орлогынх нь эх үүсвэр хүрдэггүй. Бага хөрөнгөөр өрхийн амжиргаагаа залгуулах хэмжээнд ажиллаж байна. Дээрээс нь томоохон дэлгүүрүүд нь программ хангамжаа аваад түүнийг ажиллуулах гэхээр интернэтийн хурд гүйцэхгүй байх жишээтэй. Суманд энэ хууль ханаа хэрэгжиж байна вэ гэхээр томоохон шатахуун түгээх станцын салбарт л хэрэгжиж байна. Тиймээс энэ хуулийн хэрэгжих боломжийг эргэж хараач гэж хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан юм” гэлээ.

Нийгмийн ардчиллын хүрээлэнгээс бизнес эрхлэгчдийн дунд нийслэлд судалгаа хийсэн юм. Уг судалгаанд оролцогчдын 88 хувь нь бизнес эрхлэх таатай орчин бүрдээгүй хэмээн хариулжээ.

Ийнхүү хөрсөн дээр буугаагүй хуульд нэмэлт өөрчлөлт оруулж олон хүнийг хоолтой нь залгуулах нь байна.

Х.Даваа

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • ММС дампуурснаар Таван толгой, маний 1072 хувьцаа даший шог. Тухайн үед жүжиг тавьж буй эрх баригчдын ойр , мэдээлэлтэй байсан \ тэдний ивээлд багтдаг\ улс 2012 онд хувьцааныхаа оронд 1 сая төгрөг авсан. Иргэдээ ялгаврлах эрх томчуулд байхгүй. Хувьцаа ч үгүй, мөнгө ч авч чадаагүй 2 сая иргэддээ энэ 1 сая төгргийг төр засаг өгөх ёстой. Бид шаардах эрхтэй.Азийн ардчлалын хараацай гэгддэг манай эрх баригчид 3 сая иргэдээ хуурч молигдох аваас юун АСЕМ, Гаагын шуухэд өгье

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.