Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Их тэнгэрийн аманд нийгмийн идэвхтэй залуусын төлөөлөл болсон фэйсбүүк, твиттерийнхэнтэй уулзалт хийлээ. Уг арга хэмжээг Facebook, Twitter-ээр шууд дамжуулсан. Энэхүү уулзалт нь он гарснаас хойшхи Ерөнхийлөгчийн гурав дахь удаагийн цуврал уулзалт юм.
Тэрбээр цахим ертөнцөд өрнөөд буй олон асуултын нэг болох МҮҮН-ийн шашинтай холбоотой асуудалд тодорхой хариулт өглөө. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шалгуулж буй хэргийн цаана өөрийг нь байгаа гэсэн хардлага сэрдлэгэ байгаад ч тайлбар өгсөн. Цэнхэр үст Цэрэн хэмээн цахим ертөнцөд танигдсан бүсгүй Ерөнхийлөгчийг МҮҮН-ий шашинтай холбоотой хэмээн зарласан бөгөөд халз мэтгэлцээнд дуудсан.
Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгч “Мүүн гэдэг хүн үхсэн. Монголчууд бид хоорондоо хагаралдах хэрэггүй. Мүүнээр хийсэн нэвтрүүлгийг би үзсэн. Муу юм гэж бодож байгаа бол бушуухан сэтгэлээсээ авч хая.Монголын төр иргэнээ хамгаална. Бид иргэдийнхээ талд зогсоно. Монголчууд өөрсдийн шүтээнтэй, би өөрийн эх оронтой, аав, ээжтэй, шүтээнтэй хүн. Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу. Би Ерөнхийлөгч болоод тэр хүнтэй уулзаагүй. Өмнө нь түүнтэй уулзсан. Та нэг уулзаад өгөөч гэхэд нь уулзаж гар барьсан. Өнөөдөр нэг зураг барьж байгаад хэнийг ч юу ч гэж хэлж болно. Та нар зураг аваад сууж байна. Үүнийгээ эвлүүлээд юу ч гэж хэлж болно биз дээ” хэмээн тайлбар хийлээ.
Мөн Э.Цэрэндолгорын халз мэтгэлцээнд дуудсан талаар ийн тайлбар хийв. “Одоо 1990 он биш ээ. Намайг өмнө нь мэтгэлцээнд дуудаж байсан, ганц энэ биш. Улсууд дургүй юм билээ. Та өөрийгөө төлөөлөхгүй, ард түмнийг төлөөлж байгаа шүү. Та ард түмний ашиг сонирхлыг төлөөлж байгаа шүү гэдэг үгийг хэлж байсан. Үнэхээр дахиад нэг Ерөнхийлөгч гарчихсан бол очоод мэтгэлцэж болно л доо. МҮҮН шашин гэдэгт эргэлздэг. Өөрийгөө шүтүүлэх арга үзэгдэлд дургүй. Гурван гол юм байна тэнд байна гэж би хардаг. Өөрийнхөө бодлыг цорын ганц зөв гэж боддог. Өөрийг нь шүүмжлэхийг хүлээж авдаггүй. Бусдыг урхидах, тархи угаах. Надад урилга ирж байсан, хурлын нэр бол олон улсын энх тайван, цөмийн зэвсгээс татгалзах гэсэн байсан. Би энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болохоосоо өмнө оролцсон. Оролцох хүмүүст нь дэлхийн удирдагчдын нэрс бичигдсэн байсан. Эхний хоёр өдөр олон улсын хурал болсон, НҮБ-ын байранд болж байсан. Сүүлийн өдөр нь нэг өвгөн орж ирдэг. Түүнд очсон хүмүүсийг би буруутгамааргүй байна. Монголынхоо нэрийг гаргая гэдэг зорилгоор очсон байх, түүнээс тархи толгой нь эргээд очсон гэж бодохгүй байна. Мүүнийг муу гэж үзэж байгаа бол салах хэрэгтэй. Би түүнтэй ямар ч холбоо байхгүй” хэмээжээ.
О.Заяа