Comment.mn

Ц.Элбэгдорж өрсөлдөгч улстөрч рүүгээ улайран дайрч байна

“Ц.Элбэгдорж хувийн өс хонзонгоо төрийн хэрэг, улсын эрх ашгаас дээгүүрт тавин, өрсөлдөгчөө гэж үзсэн улс төрчид рүүгээ улайран дайрахаас өөрийг сүүлийн үед сэтгэхээ байжээ. Үүнийг ард иргэд эсэргүүцэж байна” гэх агуулгатай шаардлага сошиалаар идэвхтэй өрнөж байгаа юм.  Энэ асуудлыг улс төрчид хийгээд иргэд ч өөр хоорондоо хуваалцан санал сэтгэгдлээ илэрхийжээ.

Үүнтэй холбогдуулан Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төв,  “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн, 7-р сарын 1-ний хохирогчдын холбоо зэргийн гаргасан шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭ ЗОГСООХЫГ ХАТУУ ШААРДАЖ БАЙНА!

Сүүлийн үед авлига, бусад гэмт хэргүүдтэй тэмцэх нэрийдлээр улс төрийн хэлмэгдүүлэлт үйлдэх нь энгийн үзэгдэл болж байна.

Эх оронч төрийн түшээ Х.Баттулга нарыг үндэслэлгүй гэмт хэрэгт хутган элдэвлэж ирсэн нь нэгэн тод жишээ юм. Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийг барьж хорьж, эрэн сурвалжилж дүвчигнэсэн. Тэгвэл саяхан бас хамт ажиллаж байсан 4 хүнийг нь баривчилж, ингэхдээ бүр 4 сартай хөхүүл хүүхэдтэй эхийг хэлмэгдүүлэн хорьж, хэрэв бидний гүтгэлэг буруутгалыг хүлээн зөвшөөрч, хамгийн хүнд ялыг үүрэх аваас суллана гэж ойлгогдохоор барьцаалал үүсгээд байна. Энэ нь 1937 онд бие давхар эмэгтэйг хэлмэгдсэн хүний эхнэр байсных нь төлөө буудан хороосон харгис хэрцгий цагийг тодлон санагдуулж байна.

Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд АТГ-ын гэх 4 үл мэдэгдэх хүн нэвтэрч, шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд уулгалан дайрч орж, Н.Энхбаярыг эв нь таарвал авч явах, өөрөөр хэлбэл хулгайлах, эв нь таарахгүй бол байцаалт авах гэсэн гэж дүйвүүлэх үйлдэл гаргалаа. Н.Энхбаярыг 3 хэрэгт сэжигтнээр, 1 хэрэгт гэрчээр шалгаж байна гэж элдэв үлгэр домог зохиож, үүндээ хөлсний урвагч, залиланч нарыг ашиглаж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн улайм цайм илрэл юм.

Их өрийг тэглүүлсэн ганц үйлдлийг нь дурдахад л Н.Энхбаяр гэдэг хүн хэн болох нь төсөөлөгдөх учиртай. Социализмын үеийн их бүтээн байгуулалтаас ийм өр үлдсэн байдаг. Мөхсөн байсан найрсаг харилцааг ОХУ-тай сэргээн тогтоож байж энэ их өрийг тэглүүлсэн. Тэгвэл тэр цагаас хойш түүнээс хоёр дахин өрийг, өнөөдөр бусдыг хэлмэгдүүлж буй хүмүүс Монгол орныг сөнөөснийхөө төлөө тавьчихаад сууж байна. Үндсэн хуулийн цэцээр “мэдлэг боловсролгүй” гэсэн дүгнэлт гаргуулан Н.Энхбаярын сонгуульд оролцох эрхийг хасч байсан бол, одоо шоронд ахин хийж сонгуульд оролцуулахгүй байх атгаг зорилго илхэн харагдаж байна.

Хэрэв үнэхээр зүй бус хэргийг илчлэн, зохих гэсгээл цээрлэлийг хүртээх гэж байгаа бол хэн ч бүрэн дэмжнэ. Гэтэл улс төрийн ашиг хонжоонд шунасан, улс төрийн өрсөлдөгчөө дарах гэсэн хэлмэгдүүлэлт явагдаж буйг бид эсэргүүцэж байна. 2016, 2017 оны сонгуулийг Н.Энхбаяр, Х.Баттулгыг шоронд хийж байж явуулах төлөвлөгөө эрх баригчдад байна. Н.Алтанхуягийн хувьд ч мөн л улс төрийн өрсөлдөгчөө дарах, улс төрийн өс авах гэж, ойр дотны хүмүүс, хамтран зүтгэгчдийг нь хорьж, хэрэгт холбогдуулж байсан, өөр зорилго байгаагүй. С.Зоригийн эхнэр Булганыг ч улс төрийн хувьд хэлмэгдүүлэн хорьсон.

Цаашид, улс төрийн хэлмэгдүүлэлт хийх шинэ харгис хууль дүрмүүдийн дагуу бүр ч олон хүнийг ийнхүү хэлмэгдүүлэх болно.

Учир иймд иргэний хөдөлгөөний бид Монголын төр засагт, ялангуяа Монгол улсын ерөнхийлөгчид хандан:

-Х.Баттулга, Н.Энхбаяр болон бусад улс төрийн хохирогчдыг хэлмэгдүүлэн хорих, хуурамч хэрэгт холбогдуулах, гүтгэн гүжирдэх, мөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн шинэ хууль дүрэм гаргах оролдлогуудаа таслан зогсоохыг шаардаж буйгаа мэдэгдэж байна.

Ард түмэндээ хандан:

-Улс төрийн хувьд хэлмэгдэж буй хүмүүсийг болон бүх эх орончдоо тал бүрээр дэмжиж, тойрон хүрээлж, хамгаалан нэгдэж, хамтдаа ардчилсан, эрх чөлөөт, хөгжил дэвшилт, эрүүл нийгэмт Монгол орны төлөө эрс шийдэмгий, эр зоригтой, эргэж буцашгүй тууштай тэмцэж, ялан мандахыг уриалж буйгаа мэдэгдэж байна.

Zuvsongolt.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.