УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийг баталжээ.
Хуулийн шинэчлэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан байх юм. Мөн хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгожээ.
Өөрөөр хэлбэл, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг тус хуулиар хоригложээ. Зах зээл дэх мөнгө хумигдаж, улсын эдийн засаг сулралтай энэ үед хүүтэй зээлийн үйлчилгээний эрхийг зөвхөн арилжааны банк, банк санхүүгийн байгууллагад олгох нь мөнгөний эрэлд гарсан иргэнээ бодоогүй шийдвэр гэж эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тайлбарлалаа.
Тэрбээр “Иргэд хооронд мөнгө шилжүүлэх, зээлдүүлэх, зээл нь хүүтэй байж болох эсэх асуудлыг өнөөгийн Монголын эдийн засагт нээлттэй хэвээр үлдээх нь хамгийн зөв алхам” гэж харж байна. Зээлийн гэрээ бол иргэдийн хооронд хийгддэг хамгийн нийтлэг гэрээний нэг төрөл бөгөөд ихэвчлэн хүүтэй байгуулагддаг аж.
Бусдад зээл олгосны төлөө хариу төлбөр авах боломжийг хуулиар хязгаарлана гэдэг байж болшгүй зүйл гэж Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлтийг шүүмжлэх хуульч ч байна.Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлнэ.