Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн өчигдөр Eagle телевизээр байр сууриа илэрхийлэхдээ “Монгол эхийн сүү шоронгийн шалан дээр дуслах ёсгүй” гэж онцолсон юм. Энэ үг хатуу сонсогдох ч гэлээ гүн утга агуулгатай, монгол эх хүн болгоны сэтгэлийг шимшрүүлсэн бизээ. Хөхүүл эмэгтэй хэдэн өдрөөр байтугай хэдэн цаг л хүүхдээсээ хол байхад хөх нь яаж шинэрч, хөндүүрлэж, сүү дусдагийг эх болгон дэндүү сайн мэдэж байгаа.
Хөх минь чимчигнээд, хүүхэд маань уйлж байх шиг байна хэмээн ээжүүд гэррүүгээ яардаг. Магад ч үгүй үрийнх нь санасан сэтгэл, эхийн хайр хоёр эвлэхээр илүү чинэрдэг ч байж мэдэх юм. Тиймээс монголчууд эртнээс хөхүүл эмэгтэйг горьдоочих вий, хэл , амны хор орчих вий гээд хатуу, хөтүү үгнээс ч хүртэл өмөөрдөг. Гэтэл өнөөдөр яав.
Тэр эмэгтэй хэрэг хийсэн бол өмгөөлөх гээгүй. Хийсэн зүйлийг нь шалгаад буруутай нь тогтоогдвол хууль журмынхаа ял, шийтгэлээ хүлээх л байлгүй.Гагцхүү үүрээр ой дөрөвхөн сартай үрийг уйлуулж, нус нулимстай холин байж, хорьж цагдахыг учир юу вэ. Хөхүүл хүүхэдтэй хүүхэн зугтаалаа гээд хаа ч холдох юм. Үнэхээр л оргон зайлчих гээд байгаа бол хамгаалалт гаргаад байцаалт авч яагаад болохгүй гэж. Монгол Улс чинь хүмүүнлэг, энэрэнгүй, хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд шилжсэн гэж тунхагладаг биз дээ.
Ой дөрвөн сартай хүүхдийг 3 настай гэж худал мэдүүлэн баривчилсан байна гэж Хууль зүйн сайд нь хуулийн байгууллагынхныгаа буруутгав. Үнэхээр л ингэж ажилладаг бол дэндүү хүйтэн, цэвдэг хандаж байна. Мөөмөө эрэн шөнөжин уйлах тэр бяцхан амьтан ямар нүгэл үйлдсэн гэж. Эх, үрийг салгаад хорьчихвол мөөмнөөсөө гараагүй тэр бяцхан хүүхэд яах билээ гэдгийг огт бодсонгүй. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас хойш ээжийг нь хорьсон хэвээрээ. Ганц худагтад эр нөхөр нь хүүхдээ ээжтэй нь уулзуулж, мөөмийг хөхүүлчих гэж хэдэнтээ эргэлдээд ч нэмэргүй.
УИХ-ын гишүүн Г.Уянга ч очиж утас цохиод дийлсэнгүй.
Дээрээс тушаал шийдвэр ирэхийг хүлээж байна гээд халгаасангүй.
Тэр бүсгүй Женко гэж нэрээрээ олны танил болсон УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байхдаа алдаа гаргасан байж болох ч заавал тусгаарлах, яаралтай баривчлах, аймшигтай, аюул тарих гэмт хэрэгтэн биш шүү дээ. Хатгаа авчихаад, мөөмөө шөнөжингөө эрж уйлагнан, өдөржин аавынхаа энгэрээс буухгүй байгаа тэр жаалыг бодоод эхийг нь батлан даалтанд гаргаж, гадуур байцааж шалгаач ээ. Эрээн малгай духдуулчихаад, элгэлдсэн алаг нүдээрээ орчныг гайхан харж буй нулимстай нүдтэй тэр өхөөрдөм хүүгийн гунигтай харцыг бодоод ч болтгүй энэрэнгүй хандмаар байна шүү дээ, хуулийн байгууллагынхаан.